ВИДЕО: УИХ-ын гишүүдээс ирэх 2024 оны сонгуульд дахин нэр дэвших эсэхийг нь тодруулав

ВИДЕО: УИХ-ын гишүүдээс ирэх 2024 оны сонгуульд дахин нэр дэвших эсэхийг нь тодруулав

Манай Улс парламентын засаглалтай. ОХУ, БНХАУ гэх хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд парламентын засаглалтай байх нь хамгий зөв гэдгийг эрдэмтэд хэлсээр ирсэн. Тиймээс бидний үнэт зүйл болох парламентын засаглалыг хайрлаж, хамгаалах шаардлага бий. Монгол Улсын Үндсэн хуулинд Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна.

Ард түмэн энэ эрхээрээ төлөөллийн байгууллагаараа дамжуулж эдэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр сонгогчид төрд өөрсдийг нь төлөөлөх хүмүүсийг сонгохдоо хариуцлагатай байх ёстой юм. Тус агуулгын хүрээнд одоогийн УИХ-ын гишүүдээс "2024 оны сонгуульд дахин нэр дэвших үү" гэдгийг тодрууллаа. Мөн өнгөрсөн хугацаанд ямар хуулийн төсөл санаачилсан тэр хуулийн хэрэгжилт хэр байгааг ч асуув. 

ВИДЕО: 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР: Ёстой мөнх тэнгэр мэдэх асуулт байна. Ер нь ард түмэн шийднэ. Саяхан нэг судалгааны дүн гарсан байна лээ. Тодруулбал, энэ парламентаас дөрвөн хүн л дэвшвэл дэмжинэ гэсэн судалгааны дүн гарсан байна лээ. Тэр дөрвөн хүний нэгээр намайг нэрлэсэн байсан. Тэгэхээр мөнх тэнгэр мэднэ гэж хэлье даа. Би гишүүнээр ажиллахдаа УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг санаачилж ажилласан. Энэ хуулийн хүчээр УИХ-д Нүүрсний хэргийн сонсгол, Хөгжлийн банкны сонсгол хийгдэж байгаа юм. Оюутолгойтой холбоотой хэргүүд шүүхийн шатанд яагаад замхардаг юм, авлигал авсан юм шиг алга болдог юм гэдэг асуудлаар сонсгол хийхээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын хуулийг санаачилсан. Удахгүй Усны тухай хуулийг оруулна. Цаашлаад Хөдөлмөрийн хууль, Нийгмийн даатгалын хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Улирал бүр инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэвэр нэмэх заалтыг Нийгмийн даатгалын хуулинд оруулсан шүү дээ.  Би найман хуулинд ажилласан. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА: Сонгууль болох болоогүй. 2024 оны тавдугаар сард л шийдэгдэх байх. Дэвших эсэхээ мэдэхгүй байна. Би бие дааж зургаан хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-ын гишүүдтэй хамтран арав гаруй хуулийн төсөл өргөн барьсан. Нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг өргөн барьж батлуулсан. Уг хуулиар улс төрд нөлөө бүхий хүмүүс буюу УИХ-ын гишүүд төрөөс баталгаа гаргасан зээл авахыг, тендерт оролцохыг хориглосон. Мөн хамаатан саднаа төрийн албанд төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалд томилуулахыг хязгаарласан. Энэ хууль хэрэгжээд эхэлсэн. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР: Намын бага хурлаараа шийддэг шүү дээ. Хэн дэвших эсэхийг шийддэг байгууллага нь шийднэ. Тэр байгууллагын өмнөөс ярих одоохондоо эрт байна. Би Сүхбаатар дүүргээс УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн хамгаалагчийн хууль, Төрийн өмчит аж, ахуй нэгжүүдийг шинээр нэмж байгуулахгүй байх тухай тогтоолын төсөл, Утааны сонсгол хийх санаачилга, Татварын мэргэшсэн зөвлөгөө өгөх хууль, Ломбардыг зохицуулах хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Мөн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Миний хувьд ажлын ачаалал их байгаа. 

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ: Эхлээд гэр бүл ойр тойрны хүрээндээ шийдвэр гаргана. Мөн намаас шийдвэр гаргах байх. Би жагсаалтад орох талаар бодоогүй байна. Удахгүй Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Энэ өөрчлөлтөөр өнөөдөр болон ирээдүйд хэр зөв зохистой ашиглах вэ тэр дундаа авлигалын шалтгааны үндэсийг таслан зогсооно гэж бодож байгаа. Арай өргөн бариагүй байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН, ЭМ-ИЙН САЙД С.ЧИНЗОРИГ: Иргэдийн сонголтыг авч байж сонгогдоно гэсэн үг. Иргэд сонгоно гэвэл нэр дэвшинэ. Иргэд "Одоо болно. Бидний итгэлийг дааж чадахгүй байна. Өмнөх амлалтаа хэрэгжүүлж чадахгүй байна" гэж дүгнэвэл дэвшихгүй. Би Өвөрхангайгаас хоёр дахь удаагаа сонгогдож байна. 2012 онд шүүхийн шийдвэрээр иргэдийнхээ сонголтоо булаалгасныг оруулбал гурав дахиа сонгогдож байна.  Миний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг санаачилж өргөн барьж, батлуулсан. Энэ бол Үндсэн хуулийн дараа орох суурь томоохон хууль. Засгийн газрын гишүүн хүн хариуцлага хүлээгээд тойрогт нэр дэвших нь зөв. Манлайлал үзүүлэх ёстой. Би жагсаалт сонирхохгүй байгаа. Засгийн газрын гишүүдийг жагсаалтад оруулахгүй байх. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР: Дэвш гэвэл дэвшинэ. Түүнээс заавал зүтгээд байх зүйлгүй. Судалгааны дүн харна. Миний хувьд Монгол Улс Хөгжлийн бодлого, төлөвлөлттэй байна гэдэг эрх зүйн үндсийг тавьсан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж голлох үүргийг гүйцэтгэж ажилласан. Мөн банкууд дахь хууль бус үйл ажиллагааг зогсоосон хуулийн төслийг санаачилсан. Цаашлаад Уул, уурхайн биржийн тухай хуулийг нөхдийнхөө хамт өргөн барьж батлуулсан. Үүний үр дүн одоо яаж гарч байгааг харж байгаа байх.