Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарын оронд Х.Нямбаатарыг сонгох ажээ

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарын оронд Х.Нямбаатарыг сонгох ажээ

2024 оны УИХ-ын сонгууль болохоос урьдан Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагыг солино гэх мэдээлэл байна. Одоогоор нийслэлийн МАН-ын даргаар Хотын дарга асан Д.Сумъяабазар ажиллаж байна. Харин түүнийг Хотын одоогийн дарга Х.Нямбаатараар солихоор бэлдэж байгаа аж.

Ингэж  байж Х.Нямбаатар улс төрийн эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлнэ. Нийслэлийн МАН бол Монгол Ардын Намын 50 хувь нь. Тиймээс үеийн үед энд том зодоон болж ирсэн. Өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр /2023.08.28/ МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд Тэрэлж дэх нэгэн амралтад цугларч, Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын даргын албан тушаалаас нь "буулгах" эсэх асуудлыг хэлэлцсэн байдаг. Д.Сумъяабазарыг "буулгах" зохион байгуулалтын ард Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар байсан бөгөөд эцэстээ энэ нь улс төрд том зодооныг эхлүүлсэн нь өнөөдрийг хүртэл үргэлжилж буй.

318 тэрбумын өртөгтэй “Ногоон автобус”-ны хэрэг ч үүний нэг хэсэг. Энэ зодооны гал илүү их газар авах гээд байсан учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Д.Сумъяабазарыг огцруулснаар асуудлыг түр намжаасан.

Эцсээ хүртэл “Би буруугүй” гэж байсан Д.Сумъяабазар Ерөнхий сайдын өрөө рүү ороод гарч ирээд л Хотын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдсэн нь ч ийм учиртай юм. Тодруулбал, тэрбээр, Хотын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөөд нийслэлийн МАН-тайгаа 2025 оныг хүртэл үлдэнэ гэдэг тохироотойгоор Ерөнхий сайдад хэлээд гарсан гэх мэдээлэл буй.

Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазар гэдэг Хотын даргатай, Нийслэлийн МАН-ын даргатай сонгуульд оролцохгүй орохгүй гэдгээ аль хэдийн шийдсэн байсан. Тиймээс ч Д.Сумъяабазарын оронд нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг ирэх арванхоёрдугаар сар /2023.12/-д томилох яриаг хийж байгаа аж. Хотын дарга Х.Нямбаатар нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ойрын хүн юм. 




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө