ХУУЛИЙН ТӨСӨЛ: Хосууд гэрлэлтийн гэрээ хийдэг болохоос гадна гэр бүлийн гадуурх харилцаанаас болж гэр бүл цуцалсан тохиолдолд хохирогч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж болно

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Хосууд гэрлэлтийн гэрээ хийдэг болохоос гадна гэр бүлийн гадуурх харилцаанаас болж гэр бүл цуцалсан тохиолдолд хохирогч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж болно

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьснаар Хууль зүйн байнгын хороо хэлэлцүүлэг хийж, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн. Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг юм. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Эдгээр нэмэлт, өөрчлөлт нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдан орсон өөрчлөлт байжээ.

Иймд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Ингэхдээ нэн тэргүүнд хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй,бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримталсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дурдсан. Түүнчлэн хуулийн төсөлд эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад илүүтэй анхаарч боловсруулсан аж. Ийнхүү бид энэ шинэчилсэн найруулгын төсөлд орсон зарим онцлох заалтыг хүргэж байна.

Бусад улсын жишгээс үзэхэд, гэр бүлийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг сайжруулах, түүнчлэн тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах гэх зэрэг асуудлуудыг хууль тогтоомжоороо зохицуулж байдаг. Харин энэ талаар энэ удаагийн гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хараахан тусгагдаагүй байна.

-НЭГ ЭХНЭР, НЭГ НӨХӨРТЭЙ БАЙНА-

Харин хамтран амьдрагчийн тухай заалтыг нэлээд дэлгэрэнгүй оруулжээ. 2014-2022 оны хооронд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу хамтран амьдарч байх хугацаанд нь 22924 хүүхэд мэндэлсэн байна. Манай улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрх, үүргийг тодорхойлох цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд асрамжлахтай холбоотой маргааныг нарийвчлан зохицуулах эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай байгаа юм. Иймд хуулийн төсөлд хамтран амьдрагчдыг тодорхойлж, тэдгээрийн хамтын амьдралын явцад төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүртгүүлсэн гэрлэлтээс төрсөн хүүхдийн нэгэн адил хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулжээ.

Мөн хөгжилтэй гэмээр нэг заалт бол иргэдийн дунд ам дамжигдан яригдаж ирсэн хоёр эхнэртэй болох тухай хууль. Тэгвэл энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол улсын иргэн нэг эхнэртэй, нөхөртэй байна гэжээ.

Энэ удаад Гэр бүлийн тухай хуульд гурван үндсэн агуулгаар өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, гэр бүлийн тогтвортой байдлыг хамгаалах, гэр бүл цуцалсан тохиолдолд хүүхдийн тэтгэмжийг хүрэлцэхүйц байлгах, гэр бүлээс гадуурх харилцаа гэдэг үндсэн агуулгаар өөрчлөлтийг хийсэн байгаа юм. 

-ГЭР БҮЛ БАТЛУУЛАХААС ӨМНӨ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БОЛНО-

Тухайлбал, гэр бүлийн тогтвортой байдлыг хамгаалах чиглэлд Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, гэр бүлийн гишүүний өмнө хамтын үүрэг, хариуцлага хүлээнэ, Эцэг, эх хүүхдийг биеийн болон оюун санааны хувьд эрүүл өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх хамтын үүрэгтэй бөгөөд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаална, гэр бүлийн хөрөнгийн маргаан үүссэн тохиолдолд зохицуулах зорилгоор гэрээ хийж болно зэргээр хуульд зарим заалтыг оруулжээ. 

Харин гэр бүл цуцалсан тохиолдолд хүүхдийн тэтгэмжийг хангалттай хүрэлцэхүйц байлгахын тулд Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл бусад шалтгаанаар хүүхдийн оршин суугаа газраас өөр газарт оршин сууж байгаа нь хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, Гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хамтран амьдарч байсан эцэг, эх тусдаа амьдарч байгаа бол энэ хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хэн нэгэндээ саад учруулахыг хориглоно зэргээр холбогдох заалтыг тусгажээ. 

Мөн гэр бүлээс гадуурх харилцааны талаар тус хуулийн 9.4. дэх Гэрлэгчдийн хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалж гэрлэлт цуцалсан нь нөхөр, эсхүл эхнэрийн эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан бол Иргэний хуульд заасны дагуу хохирогч тал гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргах эрхтэй гэх заалтыг нэмж тусгаж өгчээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших: