Өчигдөр /2023.11.08/ орой АН-ын фракцуудын төлөөлөл уулзаж, "тус нам үүсээд байгаа цагийн үеийн асуудал"-аар санал солилцсон байна. Тодруулбал, тус уулзалтад МУГЖ Д.Сосорбарам болоод ҮБХ-ны 50 гаруй гишүүд нь оролцсон байна.
Мөн тус уулзалтын үеэр, "Л.Гантөмөрийг АН-ын даргын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өөрөө өгөх"-ийг шаардаж, гарын үсэг цуглуулахаар болсон байна.
Улмаар өнгөрөгч наймдугаар сар /2023.08/-д хуралдаад завсарласан ҮБХ-ны хурлыг үргэлжлүүлэн хуралдуулж, АН-ын даргаас Л.Гантөмөрийг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэдэгт санал нэгджээ. Мөн Л.Гантөмөр өргөдлөө өгөөд АН-ын даргаас огцорсон тохиолдолд түүнийг 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтад орохыг нь зөвшөөрнө, харин огцрох өргөдлөө өөрөө өгөхгүй бол түүний улс төрийн бүх боломжуудыг нь хаана гэж ярилцжээ. Сонирхуулахад, АН-ын дарга Л.Гантөмөр нь сөрөг хүчний ажлаа хийхгүй, эрх баригч МАН-ын удирдлагуудын үгээр явж байгаа гэх шүүмжлэлд орох болжээ.