ВИДЕО: Хамгийн олон сэжигтэн, яллагдагчтай парламент

ВИДЕО: Хамгийн олон сэжигтэн, яллагдагчтай парламент

Сүүлийн найман жилийн хугацаанд МАН УИХ-д үнэмлэхүй олонх болж Засгийн эрхийг барьж байна. Тодруулбал, энэ нам 2016 онд 65 суудал, 2020 онд 64 суудлыг УИХ-д авсан. Иймд өнгөрсөн найман жил, цаашлаад сүүлийн 30 жилийн хугацааны алдаа, дутагдлыг МАН-тай холбож харахаас өөр аргагүй юм. Өнөөдөр л гэхэд 76 гишүүнтэй байх ёстой парламент 72 гишүүнтэйгээр хууль баталж байна.

ҮЗЭХ: 

-76 ГИШҮҮНТЭЙ БАЙХ ЁСТОЙ ПАРЛАМЕНТ 72 ГИШҮҮНТЭЙГЭЭР ХУУЛЬ БАТАЛЖ БАЙНА-

Иргэдийн сонгож байгуулдаг төлөөлөгчдийн ганц байгууллага нь парламент. Гэтэл 2020-2024 оны хугацаанд энэ парламентаас Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж эрх мэдэлтэй, их мөнгөтэй нийслэлийн Засаг даргаар очиж ажилласан. Д.Сумъяабазарын оронд СХД-ээс Э.Батшугарыг нөхөн сонгуулиар сонгосон бол Х.Нямбаатарын суудал эзэнгүй үлдэж байна. Долоон сарын дараа УИХ сонгууль болох учир түүний орны гишүүнийг сонгохгүй нь нэгэнт тодорхой боллоо.

Үүний зэрэгцээ  Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар нүүрсний хэрэгт холбогдон бүрэн эрхээсээ түдгэлзэж, “гуя дагуулж хүзүү” гэгчээр УИХ-ын гишүүн АН-ын Ажнайн Д.Бат-Эрдэнийг ч явуулсан. Ингээд энэ парламент 72 гишүүнтэйгээр ажиллаж байна.

Дээрхээс гадна мөн ч олон гишүүн элдэв хэрэгт холбогдон сэжигтэн, яллагдагчаар татагджээ. Хөгжлийн банкны хэргээр л гэхэд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүхээс 6 жилийн хорих ял сонссон ч эрхэм гишүүний бүрэн эрх нь түүнийг торны цаана оруулаагүй чөлөөтэй зорчуулж байна. Мөн энэ банкны хэргээр Хасуурын Ганхуяг, Г.Амартүвшин, Норовын Алтанхуяг нар яллагдагчаар татагдсан бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчин, нүүрс гээд бараг холбогдоогүй асуудал гэж алга.

-30 ЖИЛ ДАНГААРАА ТӨР БАРЬСАН МАН-ЫН ГИШҮҮД ПАРЛАМЕНТЫН НЭР ХҮНДИЙГ ШАВАРТАЙ ХУТГАЖ БАЙНА-

Нүүрсний хэрэгт л гэхэд энэ удаагийн парламентын гишүүдээс Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, А.Адъяасүрэн нарын зарим нь сэжигтэн, зарим нь яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Энэ бүхнээс дүгнэхэд, 2020-2024 оны УИХ нь Монголын парламентын түүхэнд хамгийн олон сэжигтэн, яллагдагчтай болж таарч байна.

Өмнөх парламентад УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нар хүчингийн хэргээр Н.Номтойбаяр, Б.Ундармаа, Г.Солтан, Н.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Батзориг нар ЖДҮ-ийн хэрэг буюу албан тушаалын хэргээр ял авах нь авч, гэмгүй үлдэх нь үлдсэн юм. Энэ парламентаас өмнөх парламентууд бол бүр ч нам тайван, нэр хүнд сайтай байжээ. Угтаа бол парламентын засаглалтай манай оронд гишүүд нь УИХ-аа хамгаалж, бэхжүүлэх, үнэ цэнийг нь үргэлж өсгөж явах ёстой. Гэтэл сүүлийн 30 жил УИХ-ыг бараг дангаараа бүрдүүлсэн МАН-ын гишүүд парламентын засаглалын нэр хүндийг унагааж байна. Харин ноолоод байдаг АН нь хууль батлах хэмжээнд хэзээ ч олонх болж байгаагүй аж.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө