Нийслэлийн Ардчилсан намын даргын сэнтийд хэн залрах гэж байна

Нийслэлийн Ардчилсан намын даргын сэнтийд хэн залрах гэж байна

Нийслэлийн Ардчилсан намын даргын сэнтийд морилж байсан Э.Бат-Үүлийн хэмжээнд улс төрийн зангарга, туршалага, мэдлэг, холч хараагаараа очих хүн хэн байж болох вэ гэсэн тэнэмэл бодол толгойд эргэлдэнэ.

Үүний тулд гол өрсөлдөгч гурван эрхэмийн тухай өөрийн бодлыг сийрүүлэхийг хүсэв. Тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу гэдэг шиг 70-аад оны сүүлийн үеийн гурван залуу гол өрсөлдөгч нар байх бололтой. Гэхдээ хэн нь юу хийж чадах, ямар клуб, фракцаас дэмжиж байгаа, хамгийн гол нь эрх чөлөөний үзэл санааны итгэл үнэмшил хэр байна гэсэн асуултуудад зайлшгүй хариулах хэрэгтэй болох байхаа. Олон зүйл тойрч нуршилгүй М.Тулгат, Т.Батцогт, Д.Бадарсан нарын тухай өөрийн өнцгөөс товчхон өгүүлье. Гэхдээ мэдээж дээр дурдсан гурван асуултын хүрээнд шүү дээ.

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Т.Батцогт улс төрийн туршлага, мэдлэг маруухан харагддаг ч асар их мөнгөтэй фракц болох Хөх Монголын Хөх туг буюу Женкогийн жигүүрээс сойгдон явж буй. Нийслэлийн ардчилсан намын хорооны 210 гишүүний хэд нь үнэт зүйл, үзэл санааны тухай ойлголт муу байгаагаас хамаарч Т.Батцогтын ялах эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэдэн намын хорооны гишүүн мөнгөнд цохиулж сөхөрч унахаас шалтгаална гэсэн үг шүү дээ.

Нийслэлийн Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгч Д.Бадарсан намын дарга Л.Гантөмөрийн галд бэлтгэл хангагдаж үүгээрээ ч давуу эрхтэйгээр тоглолтонд орж байгаа хүн. Бас нөгөө талаас Увс галын тамирчин ч гэж хэлж болно. Нийслэлийн намын хорооны гишүүдийн нөхөн сонгууль хэрхэн явсанаас хамаарч Д.Бадарсангийн ялах эсэх нь шийдэгдэнэ. Нийслэлийн дүүргүүдийн намын хороог Д.Бадарсан хэр амжилттайгаар зохион байгуулж (өөрийн болгож) гэдгээс ч хамаарна. Мэдээж энэ хүнтэй үнэт зүйл, үзэл санааны тухай ярих нь тарваганы нүх рүү хашгирахтай л адил санагддаг.

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч М.Тулгат нам үзэл санаагаараа магадгүй эрх ашгаараа ч байж болох хуваагдлын үед С.Эрдэнэ намын даргатай талд цахим сонгуулиар намын дарга болж үзсэн хүн. Гэвч М.Тулгатыг дээд шүүх бүртгээгүй. Түүнчлэн О.Цогтгэрэл гишүүнтэй очиж тохиролцож гарын үсэг зурсан гэж адлагдаж явсан үе М.Тулгатад бий. Нам дотор идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг өөрийн гэсэн клубийг бий болгож чадсан. Гэвч Open Democrary клуб нь үзэл санааны байж чадах нь эргэлзээтэй. Тулгатын ялах ялагдах нь Grand Meeting-ийн харваачидаас шалтгаалах байх.

Үүнийг бичигч миний бие энэ гурван горилогчдод Үүлийн хэмжээний улс төрчийн зангарга байхгүй гэдгийг мэднэ. Хамгийн гол нь энэ гурван эрхмийн хэн нь ч болсон бай одоогийн хотын дарга болсон Нямбаатараар толгойлуулсан МАН-тай 2024 онд Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд эрх мэдлийн төлөө тулаанд орно гэсэн үг. Нямбаатарын түвшинд тоглож чадах өрсөлдөгч хэн нь байж чадах юм бол доо гэсэн сониуч зангаар л харж сууна даа.         




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө