ШУУРХАЙ: Маргааш хуралдах ЗГ-ын хурлаар "Г.Сайханбаярыг Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас нь огцруулна" гэх албан бус мэдээлэл гарч эхлэв

ШУУРХАЙ: Маргааш хуралдах ЗГ-ын хурлаар "Г.Сайханбаярыг Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас нь огцруулна" гэх албан бус мэдээлэл гарч эхлэв

Зэвсэгт хүчний 326 ангид цэргийн алба хаахаар ирээд удаагүй байсан 21 настай Д нь энэ сарын 12-13 /2023.11.12-13/-нд шилжих шөнө нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийн хүмүүс хэвлэлд өгсөн тайлбартаа, "Танай хүү унтаад сэрээгүй гэж цэргийн ангиас нь ярьсан" гэх мэдээллийг өгдөг.

Харин өнөөдөр /2023.10.14/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талийгаачийн ар гэрийн хүмүүстэй холбогдож, "эмгэнэл илэрхийлсэн" талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн. Мөн зарим иргэд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр албан тушаалаасаа огцрох хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж буй.

Тэгвэл маргааш /2023.11.15/ Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Тус хурлаар Зэвсэгт хүчний 326 ангид цэрэг амиа алдсан асуудлыг хэлэлцэж, зарим албан тушаалтанд хариуцлага тооцно гэх мэдээллийг албан бус эх сурвалжууд өгч байгаа юм. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн эх сурвалж, "маргааш хуралдах Засгийн газрын хурлаар Г.Сайханбаярыг Батлан хамгаалахын сайдын албан тушаалаас нь огцруулахаар боллоо" гэсэн мэдээллийг өгч байна. Харин энэ талаар Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Сонирхуулахад, цэргийн анги нь Зэвсэгт хүчний жанжин штабын харьяанд байдаг бөгөөд, Батлан хамгаалах яаманд цэргийн анги, нэгтгэл хамаардаггүй. Иймд УИХ дахь АН-ын бүлгийн эх сурвалжийн мэдээлэл худал байж магадгүй юм.