Б.Энхбаяр "Нүүрсний сонсгол"-ыг ХЭЛБЭР төдий хийж, намынхаа нүүрийг ТАХАЛНА

Б.Энхбаяр "Нүүрсний сонсгол"-ыг ХЭЛБЭР төдий хийж, намынхаа нүүрийг ТАХАЛНА

Нүүрсний хулгайд уур нь хүрсэн иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд 20 гаруй хоног үргэлжилсний дараа Засгийн газраас жагсагчдын бухимдлыг дарах зорилгоор түр хороог байгуулсан. Тодруулбал, УИХ-аас 31 дүгээр тогтоол гаргаж, “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо”-г байгуулан даргаар нь УИХ-ын гишүүн Г.Ганболдыг томилсон юм.

-НҮҮРСНИЙ СОНСГОЛЫГ ХЭЛБЭРДЭЭД ӨНГӨРӨХ ТОХИРООГ ТЭРЭЛЖИЙН УУЛЗАЛТААР ХИЙСЭН-

Ингээд тус түр хороо нь нүүрсний хулгайтай холбоотой бүхий л нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-12-нд зохион байгуулахаар товлож, 100 орчим гэрчийг дуудан мэдээлэл авахаар бэлдэж байсан ч АТГ-аас зогсоосон. Яг цаанаа бол МАН-ын удирдлагууд ярилцаад тус сонсголыг хийлгэхгүй байхаар тохирч, АТГ-аар “могой бариулсан” гэдэг.

Учир нь бүх нотлох баримтын хүрээнд сонсголыг зохион байгуулбал хамгийн их хохирол амсах нь МАН өөрөө. Нүүрсний хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудын ихэнх нь энэ намын гишүүн. Тэгэхээр сонсголоор МАН-ынхан илчлэгдэж, үр дүнд нь 2024 оны УИХ-ын сонгуульд орох нүүргүй, орлоо гэхэд годройдох нь гарцаагүй байсан юм.

Тиймээс сар, өдрийг нь товлоод байсан нүүрсний сонсголыг хойшлуулж, хожмоо /2023 оны наймдугаар сард/ өөрсдөө Тэрэлжид уулзан энэ талаар дахин тохироо хийсэн. Тохирохдоо “Ард түмэн бухимдалтай байна. Сонсгол хийхийг хатуу шаардаж байгаа. Ийм өндөр хүлээлттэй байхад нь сонсголыг хийхгүй байвал сонгуульд ялагдах эрсдэлтэй. Тэгэхээр сонсголыг хийе. Хийхдээ хийсэн дүр эсгээд өнгөрцгөөё” гэсэн байдаг. 

-АЖ, АХУЙ НЭГЖҮҮДИЙН ХАМААРЛЫГ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ТАТАЖ АВЧ ЯРИНА.  ИНГЭХДЭЭ ХЭНИЙ НЭРИЙГ ОРУУЛАХ, ҮГҮЙГЭЭ ХҮРТЭЛ ТОДОРХОЙ БОЛГОЖЭЭ-

Ингээд

  • Оффтейк гэрээ
  • Нүүрс тээвэр
  • Мөргөцөг алга болсон зэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй үндсэн асуудлын хүрээг хэд дахин хумиж, аж ахуй нэгжүүдийн гэрээг л ярихаар энэ уулзалтаар тохирсон.

Ингээд удалгүй түр хороог Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан юм. Харин Б.Энхбаяр нь “Сонсголыг арваннэгдүгээр сард багтаан хийнэ. Тов зарлахтай хамт ямар сэдвээр, ямар асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хийх үү, ямар хугацаатай байх уу, хэнийг гэрчээр дуудах уу гэдгийг яг долоо хоногийн өмнөх хурлаар шийднэ. Миний хувьд чөлөөт цагаараа Хууль зүйн сайд хийх байх.

Арванэгдүгээр сард түр хороог гардаж, имэрч ажиллана” гэж мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр нүүрсний сонсголыг имэрч бус Тэрэлжийн тохирооны дагуу, намын даалгавраараа хэлбэрдүүлээд өнгөрөөх гэж буй талаар эх сурвалж мэдээлэв.

Тодруулбал, энэ сонсголоор зөвхөн аж, ахуй нэгжүүдийн гэрээг ярина. Ингэхдээ улсын бүртгэлийн газраас сонсголоор яригдах аж, ахуй нэгжүүдтэй хамаарал бүхий иргэдийн мэдээллийг татаж аваад түүнийгээ сонсголоор ярилцах аж. Ингэхдээ хэний нэрийг ярих, ярихгүйгээ хүртэл хайрцаглажээ. Тэгэхээр Б.Энхбаяр сайд нүүрсний сонсголыг хийсэн болж хэлбэрдээд өнгөрөх нь. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарын гэрчүүдийн мэдээлэл ч лөөлөө болох нь тодорхой болжээ.