БАРИМТ: "Төрийн нууц"-д оруулж 7,5 тэрбумаар "Моннис Моторс" ХХК-иас худалдан авсан цагдаагийн 110 автомашины ердөө 20 орчим нь ажиллаж байна

БАРИМТ: "Төрийн нууц"-д оруулж 7,5 тэрбумаар "Моннис Моторс" ХХК-иас худалдан авсан цагдаагийн 110 автомашины ердөө 20 орчим нь ажиллаж байна

Өдгөө олны анхаарал татаж, асуудал дагуулаад байгаа "Ногоон автобус"-ыг "Төрийн нууц"-д оруулж худалдан авсан байдаг. Тэгвэл энэ дуулиан намжаагүй байхад цагдаагийн 110 автомашиныг мөн "Төрийн нууц"-д оруулан худалдан авсан талаарх баримт, мэдээлэл бидэнд ирлээ. 

Тодруулбал, одоогоос 3 жилийн өмнө буюу 2020 оны наймдугаар сарын 17 /2020.08.17/-ны өдөр "Моннис Моторс" ХХК Нийслэлийн Цагдаагийн газарт 110 ширхэг туулах чадвар сайтай, иж бүрэн тоноглогдсон Renault DUSTER болон Nissan PATROL цагдаагийн автомашинуудыг сүр дуулиантайгаар гардуулан авч байв.

Тэгвэл 7,5 тэрбум төгрөгийн өртөгтэй тухайн автомашиныг худалдан авах ажиллагааг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендер, сонгон шалгаруулалт зарлахгүй, "Төрийн нууц"-д хамруулан,  шууд гэрээ байгуулан худалдан авсан байна. 

Уг нь тухайн үед Хотын дарга Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд "Нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн туулах чадвар сайтай автомашин”-ыг 7,5 тэрбум төгрөгөөр худалдах авахаар тусгасан байжээ. Гэтэл уг төлөвлөгөөгөөр бус шууд "Моннис Моторс" ХХК-тай гэрээ байгуулж худалдан авах ажиллагааг зохион байгуулсан аж. Уг худалдан авалтыг Төрийн нууцад хамруулсан учраас аудитын шалгалтад ч харагдаагүй байна.

Тодруулбал, Нийслэл дэх Төрийн аудитын газар "Нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн туулах чадвар сайтай автомашин” 7,550.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, НЗДТГ-т эрх шилжүүлж хэрэгжүүлсэн" төсөл арга хэмжээ нь "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалт, ТБОНӨХБАҮХАТ хуулийн 3 дугаар зүйлийн 3.43 дэх заалтын хүрээнд аудитад бүрэн хамрагдаагүй" гэдгийг  дүгнэж байжээ. 

Гэрэл зургийн эх сурвалж: ubinfo.mn

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн, 3.4-д "Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй" гэж заасан байна. 

Хамгийн ноцтой нь, Нийслэлийн цагдаагийн газарm хүлээлгэн өгсөн "Реналт Дастер" автомашины 60 гаруй нь эвдрэл, гэмтэлтэй байсан гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тухайн автомашинуудын ердөө 20 гаруй нь л ажиллаж байгаа аж. Эдгээрээс үзэхэд, магадгүй гурван жилийн өмнө "Төрийн нууц"-д хамруулан худалдан авсан 7,5 тэрбум төгрөгийн өртөгтэй цагдаагийн 110 автомашины худалдан авалт нь "Ногоон автобус"-ны хэрэг шиг явагдсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Тиймээс бид энэ талаар эргэн сурвалжилж хүргэх болно.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө