Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцах болсонтой холбогдуулан Шангри-Ла зочид буудалд өчигдөр хүндэтгэлийн ёслол зохион байгууллаа.
Тэрбээр хэлэхдээ, “Миний бие Монгол Улсад 2019 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдөр томилогдон ирж итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаас хойш Монгол Улсад ажиллаад даруй дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ. Ингээд арван нэгдүгээр сарын 26-ны өдөр үүрэгт ажлаа дуусгавар болгон эх нутагтаа буцна. Би 1983 онд Япон Улсын Гадаад хэргийн яаманд анх ажилд орсон бөгөөд монгол хэлээр мэргэшсэн дипломат ажилтны хувиар гурван удаа Монгол Улсад томилогдон ажилласан.
Ажил амьдралынхаа 11 жилийг өнгөрөөсөн Монгол Улс миний хувьд хоёрдогч эх орноос минь өөрцгүй тийм л хүндтэй сайхан улс юм.
Миний сэтгэл зүрхэнд ийм чухал байр суурийг эзэлдэг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хүлээлгэсэн миний эх орон Япон Улсад, намайг халуун дотноор хүлээн авч, тал бүрийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Монголын ард түмэнд, Монгол Улсын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн хамтран ажилласан бусад улсын Элчин сайдын яамд болон Олон улсын байгууллагын мэргэжил нэгт анд нөхөд, мөн намайг цаг ямагт дэмжиж ирсэн Монгол Улсад оршин сууж буй Япон Улсын иргэд Та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” гэв.