"Лондон Колизей дахь “Монгол хаан" – Өө нь анзаарагдамгүй өвөрмөц жүжиг" хэмээн мэргэжлийн шүүмжлэгчдийн тойм, ярилцлагыг нийтэлдэг The Arts Desk "Тамгагүй төр"-ийг онцолжээ

"Лондон Колизей дахь “Монгол хаан" – Өө нь анзаарагдамгүй өвөрмөц жүжиг" хэмээн мэргэжлийн шүүмжлэгчдийн тойм, ярилцлагыг нийтэлдэг The Arts Desk "Тамгагүй төр"-ийг онцолжээ

Их Британийн нийслэл Лондон хотын алдарт Колизэйд нээлтээ хийж, ердөө зургаан өдөр болж буй The Mongol Khan (Тамгагүй төр) монгол драмын талаар Английн урлаг судлаачид төдийгүй барууны томоохон хэвлэлүүд “гайхалтай, ер бусын” хэмээн тодотгож мэдээлж байна. Мөн Лондон хотын театр, агентлагуудаас 5 ОД гэсэн үнэлгээ өгч эхлээд байна. 

Тухайлбал, Олон Улсын театрын шүүмжлэгч "Plays to see"-ээс 5 ОД өгсөн байна. Мөн мэргэжлийн шүүмжлэгчдийн баг нь алдартай хөгжим, сонгодог урлаг, урлаг, театрын талаарх өвөрмөц тойм, гүнзгий ярилцлага, онцлогуудыг санал болгодог theartsdesk.com сайт, "Лондон Колизей дахь “Монгол хаан” – Өө ньанзаарагдамгүй өвөрмөц дуурьлиг жүжиг" хэмээн Тамгагүй төр жүжгийг онцолсон байна.

Эрдэнэбилэгийн Ганболд болон "Монгол хаан" киноны жүжигчид - Тийм ээ, тэр чадаж байна!  

Тус нийтлэлд, "Гурван цагийн турш үзсэн жүжигтээ багахан балмагдсан хүү бидэн хоёр Трафальгарын талбайг хөвөөлөн гэртээ харихаар алхах зуур хүү маань “Үүний төлөө л мөнгө төлдөг биш үү?!” хэмээн хэллээ. Хэдий би вээр тайзнаа агуу жүжиг бүтээх хувилгаан жорын найрлагын тухайд л тээнэгэлзэж байсан ч, Вегаст ганц суудал нь “галзуурсан” үнэ хүрдэг алдарт “Нарны цирк”-ийн гайхамшигт тоглолтоос ч хавь илүү хэмээн дараа нь санаа нийлсэн эл жүжгийн тухайд ийн бодсонгүй явав.

"Монгол хаан" жүжиг бол буй байгаагаараа таван одтой үзвэр мөнөөс мөн. Миний бие өөрийн найз нөхдөд энэ жүжгийг үзээч хэмээн хэдийнээ уриалсан, гэхдээ мэдээж ганц нэг сануулга бий. Их театрын тайзнаа гарч буй шинэ тулгар тоглолт учир, үйл явдлын хурдац, давтагдалт, хоёрдугаар үзэгдлийнсунжирсан өрнөл болон өчүүхэн зуур амсхийхгүй бол үзэгчдийн нүд, чихийг цуцааж мэдэх үзэхүй, сонсохуйн хэт ачаалал зэрэг бийг урьдчилан хэлэх нь зүй. Тэгсэн хэдий ч, юутай адал явдал гээч нь энэ билээ!

Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан жүжгээс сэдэвлэн, Оливьерын шагналт Тимберлейк Уэртенбэйкерийн англи хэлнээ хянан буулгасан "Монгол хаан" жүжиг Монголын баялаг түүх, бардамсоёл, өвөрмөц төрт ёсоо улам ахиулан таниулахыг зорино. Жүжгийн танилцуулга дээрх морь унасан эрхмийн сүрлэг зураг бол найруулагч Херо Баатар бөгөөд тэрбээр өөрийн үгэнд Чингис хааныг дурдсан нь дэлхийн түүхэнд хамгийн том эх газрын эзэнт гүрнийг байгуулж, даяарт суу нь цолгорсон хамгийн алдартай Монгол хүмүүн, мөн орчин цагийн сая сая хүний өвөг эцэг хэмээгддэг болой.

Манай үзэгчдэд дөхүүгээр жишвээс энэ жүжгээс нэлээд их Шекспир, багаахан Авраам, Исаак хоёрын домог, мөн үлэмж “Хаадын тоглоом”-ын үзэгдлүүдийг хүртэнэ гэсэн үг.

Аливаа дуурьт цомнолыг чухалчилдаггүйн адил, зохиол энэ жүжигт хэвшмэл жүжгийнх лугаа адил тийм голлох үүрэгтэй бус. Жүжгийн зохиол Арчуг хэмээх хааныг тойрон өрнөх ба хаантны сэтгэл хөрсөн их хатан, халуун хайрт бага хатан хоёр нь хэдхэн хоногийн зайтай нуган үрс төрүүлснээр жүжиг эхэлнэ. Их хатны нууц амраг мөн Арчуг хааны шадар Эгэрэгт Ягогийн атаа жөтөө, Макиавеллийн ов заль бугшсан гэлтэй, чухам тэрбээр өөрийн удмыг хаан ор суулгахын тулд нялх үрсийг өлгийнд нь сольж, харин мэхлэгдсэн хаантан өөрийн яс махны тасархайг шадар зөвлөх төдий болгоно.

Хуурамч хунтайж өсөх тусмаа сэтгэц эмгэгтэй хийрхэгч болохыг Арчуг хаан ухаж, улмаар төр улсынхаа төлөө Хамлет хүртэл харуусал дэндэж, харгис нь хэтэрлээ гэмээр хэд хэдэн амийг золионд гаргаснаар, хорон шадрын санаа бүтэлгүйтнэ.

Жүжиглэлт нь ёсорхуу гэмээр ч үйл явдалдаа нийцэн зохицож, бүрнээ илтгэх тул жүжигчдийн хүүрнэлийг орчуулгаар үзүүлэх нь хэрэггүй шахуу. Ганболдын Эрдэнэбилэг өөрийн уран сайхны дүрийг үнэнхүү сүр хүч, ид хав дүүрэн Хаан болгон бүтээхийн сацуу дотор хүн нь ч сэрдэж, сэтгэл хоёрдохын шалтагт гүнээ шаналан энэлж буйг харуулан чадна. Сугарын Болд-Эрдэнэ хааны өстөн шадрын  дүрд хувирсан нь хааны өлмийд билбүүрдэн шарвалзах өлөн нүдтэй, өчүүхэн бодолтой, агууд санаархавч атгагтаа бүдэрсэн нэгэн аж.

Одхүүгийн Дөлгөөний бүтээсэн энхрий ялдам, ариун явдалт бага хатан жүжиглэлтийн хувьд ажиллагаа багатай дүр мэт боловч, өөрийн хувь тавилангаа хүлцэн буйг нь харахуйяа гайхан бишрэм, мөн элэг эмтрэм ажээ. Харин Уртнасангийн Уранчимэг их хатны дүрийг бүтээхдээ, өөрийн үр биш хэмээн мэдсээр атлаа эхийн сэтгэлээр хайрлах дэндүү уяхан сэтгэлийг нь өр зүрхэндээ мэдэрч, танин барьжээ.

Шадавын Доржсүрэн ч өөрийн туслах дүр хуурамч залгамжлагч Ачирыг онц бүтээснээр, тавилан төөргөө хүн өөрөө зурах биш дээ, төрт улсаа элгэн бүлээсээ илүүд үзэх энэ эцэг-биш-эцэг нь хөнөөхийн оронд хайрлаж болсонгүй юу хэмээн ад мөрийн тэр атигар амьтныг өчүүхэн төдий өмгөөлөх бодлыг төрүүлж, сэтгэл сэмэлж байв.

Ерөнхийлөн дүгнэвээс, тун аятай. Энэ тоглолтын өвөрмиц, ухаан балартуулам увидас нь жүжгийн туйлын омог бардам тавилт найруулгад орших бөгөөд энэхүү түүхт хоёр давхар ордон ч ийм жүжгийг маш ховорхон үзсэн буй заа.

Очиржанцангийн Болдын урласан ер бусын өмсгөлийг өвч асаасан тавь гаруй бүжигчдийн найрал өнгө солонгорон, утга нэмж, үелзэн хөдлөх нь үзсэн хүний сэтгэлд Тал нутгийг ургуулан үзүүлж, уудам орон зайгаар тэлэн дүүргэх шиг болно. Олноор нийлэн хүмүүний дотоод сэтгэлийг бодтоор дүрслэн илэрхийлэх нь Филип Пульманы "Харуй бодос" (His Dark Materials) зохиолын сүг сүнснүүдийг санагдуулах авч, энэлэн нумралдах, эрслэн үймрэлдэх ялгалгүй эрхэмсэг намбаа хэзээд үл алдах нь эх нутгийнхаа энгүй уудам сэрүүн тал нутгийн салхинд хөөрөн хөвөлзөх мэт. Бүжиг дэглээч Даваасүрэнгийн Баярбаатар бүжигчдээ гойд цэгцтэй залж дэглэсний сацуу зохиолын өгүүлэмжээс өчүүхэн хазайлгүй захирагдаж, түүнчлэн өрнөл дэх өнгө аяс бүрийг улам тэтгэн баяжуулсан нь бүр ч чухаг.

Нэг ёсондоо та тасалбарт төлсөн мөнгөнийхөө үнэ цэнийг зоос ширхэг бүрчлэн энэ тоглолтын эгшин тутамд тайзнаа олж харж чадна – Харин ийм чанар чансаа одоо үед ихээхэн ховордсон шүү дээ.

Хөөрөгдөн дэрвэх ноос, хилэн, үен эмжээрт хувцас өмсгөлийг улам тодосгох Эндрю Эллис, Майк Робертсон нарын гэрэлтүүлгийн найруулга театрыг бүхэлд нь хааны ордон, харгис гяндан, тэр ч байтугай тарчилсан сэтгэлийн далд үймрэл болгон хувиргаж байв.  Тайзны арын дэвсгэрлэлийг арай хэтрүүлсэн мэт санагдаж болох ч, харах төдийд”Цаг хугацаагаар аялагчийн эхнэр” (The Time Traveller’s Wife), тэр ч байтугай "Ирээдүй рүү буцсан нь" (Back to the Future) кино ч үүний дэргэд арга туршицаар ядмаг юм гэж бодогдоно.

Энэ жүжгийн хамгийн гайхширмаар бүрдвэр нь хөгжим байв. Мягмарын Бирваа, Баттогтохын Одбаяр нарын зохиосон уг жүжгийн хөгжим эхэндээ хэлбэржээгүй, хөг наалдацгүй мэт санагдах боловч цохивор болончавхдаст хөгжим сонорт дасмагц, өөрийн эрхгүй морьд давхилдах, дайтан тулаан эхлэх, хүйтэн агаарт тоос босох сэлт элдэв өрнөлийг чихээрээ мэдэрнэ.

Тэр байтугай эл жүжигт галаар тургигч, домгийн барс гарах нь ахин дахин нүдээ баясгамаар гойд уран хийц дүрслэлтэй боловч, даанч тайзнаа хоёрхон эгшний төдий л гарах сэтгэлд хоногшим хүүхэлдэйн урлал – домгийн араатан ажээ.

Угаас энэ жүжгийг тайзнаа тавих нөөц бололцоотой театр Колизейгээс өөрийг олоход бэрх. Магадгүй Хатан хааны дуурийн театр эсвэл энэ намар дахин "Миний хөрш Тоторо" хэмээх гайхалтай бүтээлийг дахин толилуулж буй Барбикан театр л магад юм. Тиймээс л энэ жүжиг ийм цөөн, 15 удаа тоглогдох болжээ. Мэдээж "Дундад эртний маягийн дуугүй Монгол дуурь" гэдэг ч амаргүй даваа. Хэдийвээр жүжгийн тоймд борлуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах нь ховор ч, 30 фунт стерлинг хүрэхгүй хямд тасалбар гэдэг бол яг одоо Лондонд буй хамгийн төгс хонжоо мөн.

Нэн ялангуяа, Лондонгийн Палладиум театр дахь хүүхдүүдэд зориулсан Зул сарын баярын тоглолтын хамгийн хямд суудал  75 фунт стерлинг хүрч, “гороймоор” үнэтэй байгаа нь одоогийн амьжиргааны өртгийн хямралтай огт авцалдахгүй байгаа энэ үед" гэжээ. Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 




Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө