"Л.Гантөмөрийг шүүмжилж, АТГ-аас түүнд хэрэг үүсгэж" хэмээн мэдээлэл хийсэн А.Цэрэнбат, н.Алтанхуяг нарт хариуцлага тооцож, АН-аас хөөх өргөдлийг гаргасан гэв

"Л.Гантөмөрийг шүүмжилж, АТГ-аас түүнд хэрэг үүсгэж" хэмээн мэдээлэл хийсэн А.Цэрэнбат, н.Алтанхуяг нарт хариуцлага тооцож, АН-аас хөөх өргөдлийг гаргасан гэв

"АН-ын дарга чи, би" гэж С.Эрдэнэ, Х.Баттулга нар сүүлийн 2-3 жил маргалдсаны эцэст тус намын даргаар Л.Гантөмөрийг өнгөрөгч хоёрдугаар сар /2023.02/-д Улсын дээд шүүх бүртгэсэн. Ингэснээр тус нам хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй болж, үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдсэн юм. 

Гэтэл нийгэмд өрнөж буй олон асуудлуудад АН байр сууриа илэрхийлэхгүй, сөрөг хүчний ажлаа хангалтгүй муу гүйцэтгэж байна гэсэн шүүмжлэлд өртөх болсон. Магадгүй энэ нь АН-ын дарга Л.Гантөмөр сайд байхдаа Боловсролын зээл сангаас өөрийн охиндоо зээл олгосон нь эрүүгийн хэрэг үүсэхэд нөлөөлж, тэрбээр бусдын барьцаанд орсон байж магадгүй гэх хардлагыг төрүүлж буй. 

Энэ талаар тус намын хэсэг гишүүд АТГ-аас тодруулга хүссэн байдаг. Харин тэдний хүсэлтэд АТГ-аас, "АТГ, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн хэрэгт шалгагдаж буй үйлдэлд та бүхнээс ирүүлсэн мэдээллийг хүлээн авч, хариуцсан мөрдөгчид шилүүлсэн болохыг мэдэгдье" гэсэн хариу ирсэн байдаг. Үүнийг тус намын гишүүн А.Цэрэнбат, н.Алтанхуяг нар "АН-ын дарга Л.Гантөмөрт аль хэдийн эрүүгийн хэрэг үүссэн юм байна" хэмээн тайлбарлаж мэдээлэл хийсэн. 

Тэгвэл "Л.Гантөмөрийг шүүмжилж, түүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн" хэмээн мэдээлэл хийсэн А.Цэрэнбат, н.Алтанхуяг нарт АН-ын дүрмийн хүрээнд хариуцлага тооцуулахаар тус намын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Билгүүн гэгч нь АН-ын Үндсэн дүрмийн хороонд өргөдөл гаргажээ. Үүнийг АН-ын гишүүн А.Цэрэнбат өөрийн твиттер хуудастаа, "АН нойрноосоо сэржээ, дүрмийн хороо хуралдаж байна гэнэ. Гэхдээ бид 2-ыг авч хэлэлцэж байна гэнэ. Намаа шүүмжилдэг эв нэгдлийг хагалан бутаргагч нийгмийн дайсан, коммунизмыг доромжилдог гэнэ. АН-аас хөөхийн гэнэ. Базарваань мундаг сайн ажиллаад эхэлж" хэмээжээ. 

 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө