“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг ЭЗБХ дэмжсэнгүй

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд буцаан эзэмшүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг ЭЗБХ дэмжсэнгүй

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.28 хуралдаанаар“Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуралдаанд танилцууллаа.

Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.

Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 116 тогтоолын дагуу 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхээр болсон. Засгийн газрын 98 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, 2011 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааны бичилтийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТТТХТ) 2011 онд хийж гүйцэтгэсэн.

2011 оны арван нэгдүгээр сард Улсын Их Хурлаас 57 дугаар тогтоол батлахдаа “Хувьцааг олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхлэх хүртэл компаниудын болон иргэдийн хувьцааг зөвхөн Засгийн газар л нэрлэсэн үнээр нь буцааж авч болно” гэсэн. Энэ тогтоолоор иргэд хувьцаагаа арилжаалах боломжгүй болсон.

Одоогоор 1,072 хувьцаа дотоодын зах зээл дээр хараахан арилжаалж эхлээгүй байгаа учир өвлөх, шилжүүлэх, бэлэглэх, зарах, болон худалдан авах эрхүүд хаалттай байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан.

2012 оны Засгийн газрын 116 дугаар тогтоолоор дээрх хувьцааг авсан иргэдэд нэмж 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхдээ “Хүний хөгжил” сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасаж тооцсон байна. 2016 онд “Сайн хувьцаа” нэрээр Засгийн газар иргэдийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан. Одоо тус компанийн нийт хувьцааны 14.7 хувь нь иргэдийн мэдэлд, 85.5 хувь нь Засгийн газрын, 0.05 хувь нь аж ахуй нэгжүүдэд оногддог байна. 2016 оны сонгуулийн өмнө 300 мянган төгрөг авсан иргэдийн хувьцаа 750 ширхэг болсон. Ер нь Засгийн газар  иргэдэд өгсөн 20 хувийн эзэмшлийн хувьцааныхаа 6.3 хувийг худалдаж авсан тооцоо байна.

Гэвч үе үеийн эрх баригч хүчин Улсын Их Хурлын сонгуулийн өмнө иргэдийн санал авах хэрэгсэл болгон ашиглаж байсан явдлыг залруулж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээмжтэй хуваарилах, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан, боловсруулсан болохоо Ш.Адьшаа гишүүн танилцууллаа.

Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн менежментийг сайжруулах, хувьцааг нь олон нийтийн болгох, нээлттэй худалдаалах, төр дахин төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг байгуулахгүй байх зэрэг асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин дурдаад, тус ажлын хэсгийн үйл ажиллагаатай энэхүү төсөл дэх зохицуулалтаа уялдуулах боломжтой гэдэг саналыг хэлэв. Төсөлд зөвхөн нэг аж ахуйн нэгжийн хувьцааны асуудлыг хөндсөн байгаа нь зохисгүй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлээд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцаатай холбоотой асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх нь зохистой гэдэг байр сууриа илэрхийлсэн.

1072 хувьцааны хэдэн хувийг иргэд ямар байдлаар төрд худалдсан талаар тодруулахад ““Хүний хөгжил” сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлтийн дагуу 322.767 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 1721 иргэн гаргасан.

2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн 278.258 оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615.701 иргэн, 2016 оны “Сайн хувьцаа” хөтөлбөрт 1.294.302 иргэн хамрагдаж хувьцаагаа Засгийн газарт худалдаалсан байна. Нийт 2.512.779 иргэн давхардсан тоогоор аль нэг хэлбэрээр хувь хишиг хүртсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийтдээ 12 тэрбум хувьцаа гаргасан  бөгөөд нийт дүн нь өнөөдрийн байдлаар төр иргэдээс хүсэлтийнх нь дагуу 866.3 мянган ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр иргэдээс худалдан авсан нь 826.9 тэрбум төгрөг болсон” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн. Төр энэхүү худалдан авсан хувьцаагаа ногдол ашгаас нь төлбөрөө авах хэлбэрээр буцаагаад иргэдэд нь олгох тохиолдолд төсвийн дарамт үүсэхгүй гэдэг тайлбарыг төсөл санаачлагч Ш.Адьшаа хэлэв. Төрийн өмч дэх иргэдийн хяналтыг сайжруулах, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  газрын хэвлийн баялаг  нийтийн өмч байх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төслийг боловсруулсан гэв.

Ийнхүү Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 69.2 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.




Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө