УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томиллоо

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томиллоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.28/ хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулах саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ. Тэрхүү саналыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар танилцууллаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өөр албан тушаалд томилогдсон тул Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилуулахаар санал болгожээ.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Д.Энхбат нь 1997 онд нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2009-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2017-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт, 2022 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байна хэмээн танилцуулаад, төрийн албанд 15 жил, үүнээс 11 жил Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч гэдгийг онцолсон юм. 

Нэр дэвшигч Д.Энхбат, 126 гишүүнтэй Улсын Их Хурлын түүх эхлэх гэж буй чухал, хариуцлагатай үед Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу Улсын Их Хурлын арын албыг дааж ажиллах хүндтэй, хариуцлагатай үүрэгт ажилд томилох асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурал дэлхийн парламентуудаас анх удаа хүний эрхийн мэдрэмжийн өөрийн үнэлгээгээ амжилттай хийсэн. Жендэрийн мэдрэмжтэй парламентын үнэлгээ дэлхийн 10-аад оронд өмнө нь хийгдсэн юм билээ. Олон улсын парламентын холбоонд өндрөөр үнэлэгдэж, дэлхий дахины анхаарлыг татсан энэхүү ажлыг гүйцэтгэхэд Улсын Их Хурлын өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан маш хичээл зүтгэл гарган ажилласан. Тамгын газрын удирдлагын баг Улсын Их Хурлын Ажлын хэсэгтэй хамтран ажиллаж энэ том ажлын ард гарлаа. Үндэсний болон олон улсын экспертүүд ч үнэтэй чухал зөвлөмжүүдийг өгсөн. Томилогдвол тэдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, Улсын Их Хурлын холбогдох ажлын хэсэгтэй хамтарч ажиллана гэсэн хариултыг өглөө.

Эцэст нь Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Л.Өлзийсайханыг чөлөөлөх саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн байна.