Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ж.Батжаргалыг томилжээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ж.Батжаргалыг томилжээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн /2023.11.29/ хуралдаанаар тус хорооны даргыг сонгох талаар хэлэлцлээ.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн санал, нэр дэвшигчийн талаар Байнгын хорооны дарга Б.Саранчимэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нь 1986 онд Төв аймгийн Зуунмод сумын II дунд сургууль, 1990 онд МУИС-ийг банкны эдийн засагч, 1996 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр тус тус төгсөн. 1990-1991 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хаан банканд эдийн засагч, 1991-1992 онд Баян-Өнжүүл сумын АДХГЗ-нд орлогч дарга, 1992-1994 онд Баян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч, 1994-1996 онд Баян-Өнжүүл сумын ЗДТГ-т байгаль орчны хяналтын байцаагч, 1996-2000 онд Баян-Өнжүүл сумын ИТХ-ын дарга, 2002-2012 онд Төв аймгийн ИТХ-ын дарга, 2012-2016 онд Аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016-2020 онд Төв аймгийн Засаг дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж буйг онцлов.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс гаргасан саналтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул "Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Ж.Батжаргалыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  76.9 хувь нь дэмжсэн юм.