ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийг АТГ-т шалгуулахаар ханджээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийг АТГ-т шалгуулахаар ханджээ

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 12 дугаар сарын 04-нд эхэлсэн. 

Нүүрсний сонсголын Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, "Монгол Улсын Өмнөговь аймагт газрыг Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасныг зөрчиж гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үед нотлох баримтаар ил болсон бөгөөд уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв" гэж өөрийн олон нийтийн цахим сүлжээнд мэдэгдлээ.

Уг асуудлын тухайд Нүүрсний сонсголд өчигдөр гэрчээр дуудагдан оролцсон Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нь БНХАУ-ын 38 иргэн, аж ахуй нэгжид газар эзэмших эрх олгосон нь шинжээчийн дүгнэлтэд танилцуулагдсан. Нийт 450 гаруй га талбайг олгосон гэж танилцуулсан юм. Харин тэрбээр би нэг ч гадны компанид газар олгоогүй гэж мэдэгдсэн билээ.

Х.Нэхийтийн 2022 оны хөрөнгө оруулалтын мэдүүлгийг танилцуулахад,

  • Жилийн орлого нь 290 сая төгрөг,

  • Гэр бүлийн гишүүд нь 97 сая төгрөгийн орлоготой,

  • 218 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай,

  • 242 сая төгрөгийн үнэлгээ бүхий таван автомашинтай,

  • 629 сая төгрөгийн малтай,

  • 120 сая төгрөгөөр үнэлсэн эзэмших, өмчлөх эрхтэй гурван байршилд газартай,

  • 469 сая төгрөгийн хадгаламжтай,

  • Говь Гурван Чулуу ХХК, Ханбогд тээвэр ложистик ХХК-иудад хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.