“Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гарын үсэг зурсан юм.
Энэ талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын дарга В.Батчимэг “Уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд аймгууд манлайлал үзүүлж байна. Булган аймагт “Нэг жуулчин-нэг хонь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Булган аймгийн Засаг даргатай санамж бичиг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд БНСУ-аас ирэх жуулчдад орон нутгийн малчдын маллаж буй хоттой хониноос нэг жуулчинд нэг хонь бэлэглэж, улмаар малчин жуулчдын хонийг нь маллах төслийг эхлүүлсэн. Дэлхий нийтээр амьд харилцааг бий болгох чиглэлд анхаарч байгаа. Жуулчид Монголд гэр бүлээрээ буцаж ирэх, мал аж ахуйтай танилцах, малчин өрхүүдтэй хамтарч ажиллах гэх мэтчилэн зорилтын хүрээнд “Нэг жуулчин-нэг хонь төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Мөн Архангай аймгаас “Нэг жуулчин-нэг ямаа” гэх төслийг хамтарч, хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.