Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргалыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилсныг хүлээн авч, үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Орхон аймгийн Засаг дарга асан С.Батжаргал, “Миний бие 2020 онд Орхон аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш баг хамт олноороо Эрдэнэт хотынхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирлээ.

Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутгийнхаа зорилт төлөвлөлттэй уялдуулан ажилласны үр дүнд аймгийн ИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар Орхон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 91,1 хувьтай, Орхон аймаг, Эрдэнэт хотын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг 89,9 хувьтай дүгнүүллээ. Мөн ирэх оны төсвийг батлуулж аймаг орон нутагт тулгамдаж байсан бүхий л асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллалаа.

Сүүлийн саруудад миний эрүүл мэнд сайнгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чөлөөлөгдөх хүсэлтээ уламжилсны дагуу захирамж гарч үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна.

Төрийн залгамж халааг үргэлжлүүлэн, бодлого шийдвэрийг хэрэгжүүлж хамтран ажилласан баг хамт олон, нийт төрийн албан хаагчиддаа баярлалаа. Орхон аймаг Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэсэн хүн бүхэнд баярлалаа” гэжээ.