Албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх УИХ-ын гишүүн “Б”-ийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх УИХ-ын гишүүн “Б”-ийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс арванхоёрдугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол 92 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй юм байна.

Түүнчлэн эрүүгийн 841 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 800 хэрэг шалгагдаж байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • УИХ-ын гишүүн “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх;
  • Гаалийн төв лабораторийн албан тушаалтан “С” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Увс аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч “Г” нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх;
  • “Г” нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “П”, “Ч” нар нь бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Төмөр замын цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь Зөрчлийн тухай хуулийн дагуу оногдуулсан шийтгэлийн мөнгийг завшсан гэх.
  • Ус цаг, уур орчны шинжилгээний төвийн албан тушаалтан “З” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүд багтжээ.