МАН-аас сонгуульд нэр дэвшихээр ТЕГ-ын Б.Заяабал, ЦЕГ-ын тэргүүн дарга Ц.Ням-Очир, Аудитор Д.Занданбат нарын албан тушаалтнууд энэ сард ажлаа өгнө гэж яригдаж байна

МАН-аас сонгуульд нэр дэвшихээр ТЕГ-ын Б.Заяабал, ЦЕГ-ын тэргүүн дарга Ц.Ням-Очир, Аудитор Д.Занданбат нарын албан тушаалтнууд энэ сард ажлаа өгнө гэж яригдаж байна

УИХ-ын ээлжит сонгууль зургаан сарын дараа болж парламентад 126 гишүүн сонгогдоно. Иймд улс төрийн намууд дор бүрдээ сонгуулийн бэлтгэлдээ орж, тойрог болоод жагсаалтаар нэр дэвших хүмүүсийнхээ төсөөллийг гаргаж байна. Харин сүүлийн 8 жил төрийн эрхийг барьж буй МАН сонгуулийн тойргийг 11 бүс болгон хувааж, дахин ялалт байгуулах “тоглоомын дүрэм”-ээ зурж сууна.

-ТӨРИЙН ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНУУД УИХ-ЫН СОНГУУЛЬД МАН-ААС НЭР ДЭВШИХЭЭР ЭНЭ САРД АЖЛАА ӨГНӨ-

Тэгвэл Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 29.4-д, “Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Иймд ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй зарим албан тушаалтнууд төрийн албаны ажлаа ирэх нэгдүгээр сарын 01 /2024.01.01/-ны өдрөөс өмнө өгнө гэсэн үг. 

Тухайлбал, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Ерөнхий аудитор Д.Занданбат, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарын албан тушаалтнууд ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр энэ сар /2023.12/-даа багтаж, төрийн ажлаа өгнө гэх мэдээлэл байна.

Харин эдгээр эрхүүдээс Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Увс аймагт нэр дэвших нь тодорхой болоод байгаа бол бусад нь тойрог болоод МАН-ын жагсаалтад нэр нь бичигдэх ажээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр төрийн ажлаа энэ сард өгөх албан тушаалтнуудын нэр мэдээж нэмэгдэх нь дамжиггүй.

-СОНГУУЛИЙН ТОЙРГИЙГ ХОЁРДУГААР САРЫН 01-НЭЭС ӨМНӨ ТОХИРНО-

Мөн 21 аймгийг гурав, гурваар нь хувааж 7 бүс, Улаанбаатар хотын найман дүүргийг 4 бүсэд хувааж 2024 оны сонгуулиа хийе гэдэгт МАН эхний байдлаар санал нэгдээд байна. Тэгвэл аймгуудыг нэгтгэж сонгуулийн нэг бүсчлэл буюу том тойрог болгохын онцлог нь улсын төсвийн мөнгийг 76 жижиг тойрог, 330 гаруй суманд тарааж цацахгүйгээр томоохон төсөлдөө зарцуулдаг болох өнгөрсөн хугацааны алдааг засахтай шууд холбоотой. Харин “хэцүү” нь шинэ залуу улстөрчид том тойргоос сонгогдох нь хэцүү бөгөөд гурван аймагт сурталчилгаагаа хийж, богино хугацаанд танигдана гэдэг нь асуудал болоод байгаа аж. 

Тиймээс Ерөнхий сайд, МАН-ын дарга Д.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар ирэх сонгуульд намынхаа жагсаалтад залуучуудаа оруулж, туршлагатай гишүүдээ тойрогт нэр дэвшүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл бий.

Харин сонгуулийн тойргийг ирэх хоёрдугаар сарын 01 /2024.02.01/-ний өдрөөс өмнө тохирох боломж байгаа аж. Тодруулбал,  Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 12.1-д “Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог /цаашид "тойрог" гэх/-ийг байгуулна” гэж заажээ.