Багануурт цахилгаан станц барих, Англи хэлийг хуульчлахыг эсэргүүцэж байсан Ц.Даваасүрэн "Монголд цагаачид нөмөрнө" хэмээн Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг сөрж эхэллээ

Багануурт цахилгаан станц барих, Англи хэлийг хуульчлахыг эсэргүүцэж байсан Ц.Даваасүрэн "Монголд цагаачид нөмөрнө" хэмээн Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг сөрж эхэллээ

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдөр /2024.01.05/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Гадаад хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлцсэн юм. Ингээд хэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулах гэтэл УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байгаагаас санал хураалт явуулалгүй, завсарлалаа.

-ФАТФ-ААС ТҮР ДАНС НЭЭХ БУЮУ 100 МЯНГАН АМ.ДОЛЛАР БАЙРШУУЛАХЫГ ХОРИГЛОСОН БАЙЖ МАГАДГҮЙ-

Хачирхалтай нь,  Засгийн газраас өргөн барьсан энэхүү хуулийн төслийг Засгийн газрын гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар эрс эсэргүүцсэн нь олны анхаарлыг татсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, “Монголд цагаачид орж ирнэ. Гаднынхан нээлттэй байж болохгүй. Гадаадуудыг бид цувуулаад байх юм бол тэд биднээс илүү олонх болчихно” гэх мэтээр Хөрөнгө оруулалтын тус хуулийн төслийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалттай хольж, хутган хачин тайлбарыг хэлж байв. Мөн УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, “Хөрөнгө оруулагчийн дүрээр цагаач иргэд нөмрөх вий гэсэн болгоомжлол төрж байна” гэх популизм хийсэн юм.

ВИДЕО:  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн байр сууринд Ч.Хүрэлбаатар дараах тайлбарыг өгөв

Товчхондоо, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нарийн царигтай төмөр замтай болохыг эсэргүүцэж, “танк орж ирнэ” хэмээн Х.Баттулга нэвтрүүлэг хийж байсантай агаар нэг зүйлийг Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар ярьж, “цагаачид монголд нөмөрнө” гэсэн зүйлийг хэлж байв. 

Харин хууль санаачлагчийн зүгээс “шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалттай ААН байгуулахад шаарддаг 100 мянган ам.долларын хязгаарлалтыг байхгүй болгосон” гэсэн тайлбарыг өгсөн. Нөгөө талаар ФАТФ буюу Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын “саарал жагсаалт”-нд манай улсыг 2019 онд ороход арилжааны банканд түр данс нээх буюу 100 мянган ам.доллар байршуулах хуулийн зохицуулалт нөлөөлсөн байж болзошгүй байгаа. Харин өнөөдөр арилжааны банкнууд “түр данс” нээхээ бүр мөсөн зогсоосон тул гадаадын хөрөнгө оруулагчдад нэгэнт хэрэгжихгүй болсон түр дансанд 100 мянган ам.доллар байршуулах хуулийн зохицуулалт саад болж байх талтай.

-Ц.ДАВААСҮРЭН АНГЛИ ХЭЛИЙГ ХУУЛЬЧЛАХ, БАГАНУУРТ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙВ-

Иймд “Гадаад хөрөнгө оруулалтын тухай” хуулийг өөрчилж 100 мянган ам.доллар байрлуулах зохицуулалтыг хасах гэтэл Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын “цагаачид монголд нөмөрнө” гэх эсэргүүцэлтэй тулгарсан нь энэ. Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хувьд улсад хэрэгтэй зүйлийг эсэргүүцэж байгаа нь ганц энэ биш. Тэрбээр, Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, “Англи хэл бол заавал судлах үндсэн гадаад хэл” хэмээн хуульчлахыг эсэргүүцэж, “Манай улсад Оросоос үлдсэн элит сургалтын тогтолцоо хамгийн сайн нь. Үүний агуулга, стандартыг өөрчилж болохгүй. Хуучин бидний социализмын үед Оросоос авсан боловсролын тогтолцоо нь цөөн хүн амтай манай орны иргэдийг сургахад маш сайн зохицсон сургалтын агуулга, стандарттай маш сайн хөтөлбөр" хэмээн илт Оросыг өмөөрч, оросын "орхигдсон" боловсролыг сайшааж байв.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр нар Багануурт ЦС баривал Хятад арми хяналтаа тогтоож, тэнд 5000 хужаа бүхий тосгон үүсэж, оросуудын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хятад тогонд навс цохиулж шатна гэх инээдэмтэй марзан ухуулга цацаж байсан талаар Ц.Доржготов гуай Baabar.mn сайтад тодорхой бичиж байв. 

-БНСУ-ЫН ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗОРИУЛСАН “БИЗНЕСИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ” ТӨВИЙГ ХҮРТЭЛ АЖИЛЛУУЛЖ БАЙЖЭЭ-

Олон монголчуудын амьдралаа залгуулахаар зорьдог БНСУ-ын иргэд 1950 онд Хойд солонгосын иргэдээс ядуу байсан тул БНАСАУ руу дүрвэдэг байсан гэдэг. Харин 1960 оноос эхлэн БНСУ-ын эдийн засгийн 60 хувь нь гадаадын хөрөнгө оруулалтаас хамааралтай болж эхэлсэн гэдэг. Учир нь 1966 онд БНСУ хөрөнгө оруулагчдын хуулийг баталж, хөрөнгө оруулагчдад маш их боломж олгож эхэлсэн бөгөөд бүр хөнгөлөлт өгч эхэлсэн гэдэг. Тодруулбал, БНСУ-ын Засгийн газраас гадаад өрөнд баталгаа гарган өгч эхэлсэн ба хамтарсан аж үйлдвэрүүдэд улс хамгаалалт олгож байсан гэдэг.

Мөн хөрөнгө оруулагчидтай БНСУ-ын Засгийн газар өөрөө гэрээ хийж, ямар салбарт хөрөнгө оруулах гэж буйг нь анхааралтай хянадаг байсан ба гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Бизнесийн зөвлөгөө өгөх” газрыг ч ажиллуулж эхэлсэн гэдэг. Харин үүний үр дүнд БНСУ-д эхлээд жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн ба дараа нь төмөрлөг, цемент, химийн үйлдвэрлэл, автомашин, хөнгөн үйлдвэрлэлүүд хөгжиж, үүний дагаад хөдөө аж ахуйн салбар нь эргэлтэд орж эхэлсэн гэдэг. Ингээд анх дотоодын зах зээлд зориулан хөгжиж байсан үйлдвэрүүд нь тэлж гадаад зах зээлд анхаарлаа хандуулж эхэлсэн гэдэг.