О.Батжаргал: Дарханы аж үйлдвэрийн паркийн зээлийн хэлэлцээрийг хүлээж долоон жил боллоо

О.Батжаргал: Дарханы аж үйлдвэрийн паркийн зээлийн хэлэлцээрийг хүлээж долоон жил боллоо

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.01.09/ хуралдаанаар  Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 08, 2023 оны 01 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж. Батжаргал “Дөрвөн байршил дэхь үйлдвэр технологийн паркийн болон арьс шир боловсруулалтын асуудлыг шийдвэрлэх үр дүн алга. Гүйцэтгэж буй ажлын суурь дэд бүтцийн ажил хэзээ дуусч, боловсруулах чиглэлийн үйлдвэрүүд хэзээ байгуулагдах юм. Хоёрдугаарт, Эмээлтийн аж үйлдвэрийн паркийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой” гэж хэллээ.

Түүний асуултад ХХААХҮ-ийн дэд М.Ганхүлэг хариулахдаа “Эмээлтийн аж үйлдвэрийн парк технологийн бүтээн байгуулалтын техник эдийн засгийн үндэслэлийг батлаад энэ жил үйл ажиллагаагаа эхэлнэ. 2028 онд бүтээн байгуулалтын ажил дуусна. Ховдын аж үйлдвэрийн паркийн хувьд 2024 онд дэд бүтцийн ажил бүрэн дуусна. Тэнд үйл ажиллагаагаа явуулах 17 хувийн хэвшлийн үйлдвэрийг сонгон шалгаруулахыг төлөвлөсөн. Дорнод дахь аж үйлдвэрийн паркийн зураг төсвийн  ажлууд эцэслэгдээд энэ ондоо багтаан улсын төсөвт оруулна. Арван тэрбумаар төсөвлөн улсын төсөвт хоёр жил дарааллан тусгасан боловч шаардлага хангаагүйн үүднээс хойшилсоор ийм байдалд хүрсэн. Дархан арьс ширний хувьд тодорхой шийдэлд хүрэхэд хэцүү эрх зүйн хувьд асуудалтай. Хувийн өмч дээр гэрээ байгуулаад явж байгаа учир шууд авах боломжгүй. Иймээс улсын тусгай хэрэгцээнд авч  хуулийн эрх зүйн асуудал шийдэгдэх хооронд төслөө хэрэгжүүлэх хувилбар байгаа. Ажлын хэсэг дээр зөвхөн дэд бүтцийн  бүтээн байгуулалт хийгдсэн газруудаа хүлээгээд авах санал тавьсан ч хүлээж аваагүй.  Тиймээс Засгийн газраас дорвитой арга хэмжээ авах сонголтыг хүлээж байна. 108 га дэд бүтцийг ашиглаад 25 га дээрх бүтээн байгуулалтаа  эхний үе шатанд эхлүүлэн царцаалгүй ашиглаж шүүхийн шийдвэр гарсан үед 205 га томоохон хөдөө аж ахуйн парк болгоод явуулах асуудлыг тавьсан. Гэвч хэсэгчилж өгөхгүй өгсөн тохиолдолд нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр өгнө гэсэн санал тавьсан. Одоогийн байдлаар ажиллаж буй арьс ширний үйлдвэрүүд жилдээ 5.3 сая арьс ширийг боловсруулж байна” гэлээ.

 Харин УИХ-ын гишүүн Ж. Батжаргал “Шуурхай шийдлүүдээ анхаарлаа хандуулах ёстой. Хүний бэлэн төслийг булаах гээд байдаг хандлаганаас хамаарч удааширч байна. Тухайн байгууллага өөрийн чиглэлэээр үйл ажиллагаа явуулахад төр дэмжлэг үзүүлэх ёстой. Одоо Эмээлт дээр энэ балай юм нь давтагдах вий. Дарханы парк дээр зохих журмын дагуу эрх зүйн орчныг бүрдүүлэн мэргэжилтнүүддээ хандах хэрэгтэй. Зээлийн хэлэлцээрээ их хуралд оруулж ир ээ. Орж ирээгүй зүйлийг яаж дэмжих юм бэ. Үүнийг хийх гэж долоон жил хүлээлээ. Шийдэл байхгүй хүндрэл үүсгэж байна. Хамгийн гол нь одоогийн нөхцөлд шилжилтийн хугацаанд яаж дэмжиж боловсруулалтаа нэмэгдүүлэх талаар хэлэлцэх хэрэгтэй” гэсэн юм.

О.ЭНХЗУЛ