О.Сийлэгмаа: БЗС-гийн булхайг илчилсээр байхад БШУЯ-ны одоогийн удирдлагууд дахин журам зөрчиж, Д.Оюунхорол нарын хүүхдийн зээлийг хаасан

О.Сийлэгмаа: БЗС-гийн булхайг илчилсээр байхад БШУЯ-ны одоогийн удирдлагууд дахин журам зөрчиж, Д.Оюунхорол нарын хүүхдийн зээлийг хаасан

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга О.Сийлэгмаа нь одоогоос жил гаруйн өмнө Боловсролын зээлийн сан /БЗС/-тай холбоотой асуудлаар "шүгэл" үлээж, хууль бус үйлдлийг илчилж байсан билээ. Улмаар Засгийн газраас БЗС-г иргэдэд нээлттэй, ил тод болгох шийдвэрийг гаргаж, АТГ-аас уг хэргийг шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, АТГ-аас "БЗС-гийн албан тушаалтнууд албан үүрэгтээ хайнга ханддаг, бүрдэл хангалтгүй, бусдад давуу эрх олгосон нь тогтоогдсон. БЗС-аас зээл авсан 941 хүнийг үндэслэлгүйгээр зээлээс чөлөөлсөн.  Мөн зээл авсан 377 хүн Монголдоо ирж ажиллаагүй гэх мэтийн зөрчил илэрсэн" гэдгийг мэдээлж байсан юм. Гэвч уг асуудалтай холбоотойгоор БЗС-гийн дарга Д.Гардиас өөр хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорсон хүн байхгүй төдийгүй тус сантай холбоотой зөрчил одоог хүртэл гарсаар байгаа аж. Энэ талаар бид БЗС-гийн асуудлаар шүгэл үлээсэн БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга асан О.Сийлэгмаатай ярилцлаа. 

ВИДЕО:

-Боловсролын зээлийн сантай холбоотойгоор шүгэл үлээгээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Уг асуудлыг шалгах ажиллагаа ямар шатандаа явж байгаа бол. Танд энэ талаарх мэдээлэл байгаа болов уу?

-Би төрийн албан хаагчийн үүргээ биелүүлж, иргэний ёсоор БЗС-тай холбоотойгоор хоёр агуулга бүхий өргөдлийг өнгөрсөн тавдугаар сард АТГ-т өгсөн. Нэгдүгээрт, БЗС-гийн нийт сонгон шалгаруулалт зөрчилтэй байна. Үүнийг тогтоож өгөөч. Хоёрдугаарт, зээлийн тэглэлттэй холбоотой тушаал гаргасан зургаан сайдад хариуцлага тооцож өгөхийг хүссэн. Гэтэл одоогийн байдлаар хамгийн жижиг албан тушаалтан болох БЗС-гийн дарга Д.Гардийг л албан тушаалаас нь чөлөөлсөн. Бусад нь өнөөдөр ажлаа хэвийн хийгээд зогсохгүй дараа дараагийнхаа зөрчлийг гаргасаар байна. Алдаа завхралын үр дагавраар албан тушаалтанд хариуцлага тооцохгүй болохоор энэ зөрчил үргэлжилсээр байна. Үүний жишээ нь 2023 оны сонгон шалгаруулалт. 

-БЗС-тай холбоотой зөрчил үргэлжилж байгаа талаар та хэллээ. 2023 онд БСЗ-гийн зээл тэглэлттэй холбоотой зөрчил ч мөн нэлээдгүй гарсан байсан уу?

-Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн 2023 онд 71 хүнийг зээлийг тэглэх тушаалыг гаргасан. Гэтэл энэ тушаалаар нэлээдгүй олон зөрчилтэй хүний зээлийг тэглэсэн байдаг. Тодруулбал, би ажиллаж байх хугацаандаа болон ажлаас гарсныхаа дараа Л.Энх-Амгалан сайдтай зөрчилтэй саналын байр суурь илэрхийлэхээсээ өмнө сайдад хандаж, "Та энэ тушаалд гарын үсэг зурах асуудлаа эргэж харах хэрэгтэй. Тушаал чинь зөв, буруу гарах, тушаалын хавсралтад өөрчлөлт орсон байх зэрэгт хяналт тавих"-ыг хүсэж байсан. Учир нь анхнаасаа тушаал, журам зөрчөөд явсан, төгсөж ирсэн ч гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсийн зээлийг тэглэсэн тушаал өмнө нь нэлээдгүй гарсан байдаг. Гэтэл ийнхүү анхааруулсаар байтал 2023 оны зээл тэглэсэн 71 хүний 47 нь мэдээлэл зөрүүтэй, журам зөрчсөн, гэрээний үүрэг биелэгдээгүй байхад зээлийг нь тэглэсэн байна. Тухайлбал, БЗС-гийн сайт дээр байршсан уг тушаалаас харахад Жаргалсайханы Төрболд гэдэг хүний зээлийг тэглэсэн байгаа юм. Гэтэл би энэ хүний асуудлаар тухайлан нэр зааж, өргөдөл өгсөн байдаг. Учир нь БЗС-гийн дарга асан Д.Гарди 2022 оны тавдугаар сард "Энэ хүний зээлийг заавал тушаалд оруул" гэж хэлж байсан. Гэтэл энэ хүн нь Монголд нийгмийн даатгал төлсөн гурван жилийн хугацаа нь хүрэхгүй. НДШ төлөхдөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу сайн дугаар даатгал төлсөн. Ажилласан жил нь нотлогддоггүй. Тиймээс "зээлийг нь чөлөөлөх боломжгүй" гэдэг албан бичгийг БШУЯ руу явуулж байсан. Гэтэл намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа энэ хүний зээлийг Л.Энх-Амгалан сайд, Д.Гарди дарга, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар гарын үсэг зураад зээлийг нь чөлөөлсөн байна. Мөн ажилласан жил нь хүрэхгүй, НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлсөн Жанцанноровын Дамдинцэрэнгийн зээлийг тэглэсэн байгаа юм. Түүнчлэн Төмөрбаатарын Энхжин гэх дэлхийн шилдэг их сургууль болох 421 хүний нэр дотор байгаа бакалаврын зэргээр сурсан энэ хүний зээлийг тэглэх журам, гэрээ байхгүй атал зээлийг чөлөөлсөн байна. Ер нь Л.Энх-Амгалан сайд албан тушаалаа авснаасаа хойш дэлхийн шилдэг их сургуульд зээлээр сурсан 421 хүнээс миний мэдэхээр ийнхүү хоёрдох хүнийх нь зээлийг чөлөөллөө. Тэрбээр өмнө нь Амраагийн Мөнхжин гэх хүүхдийн зээлийг чөлөөлсөн байдаг. Гэтэл энэ хоёр хүний зээлээр суралцсан гэрээ, журамд зээлээс чөлөөлөх тухай ойлголт байхгүй. 

БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга асан О.Сийлэгмаа

-Энэ хоёр хүүхдийн тухайд өөр ямар зөрчил байдаг юм болов уу?

-Амраагийн Мөнхжин нь АМГТГ-ын дэд даргаар ажиллаж байсан хүний хүүхэд бөгөөд тэрбээр 2016 онд дэлхийн шилдэг их сургуульд суралцахаар явахдаа журмаа зөрчсөн. Мөн сургуулиа төгсөж ирээд MCS компанийн охин компанид хоёр жил ажилласан байхад нь зээлийг нь тэглэсэн байдаг. Харин Төмөрбаатарын Энхжин нь миний мэдэхээр Ерөнхий сайдын боловсролын асуудал хариуцсан зөвлөхийн хүүхэд. Энэ хүний зөрчил Ерөнхий сайдын 2022 оны тэтгэлэг дээр ч байгаа. Гэтэл хүүхдийнх нь зээлийг 2023 онд тэглэсэн байх жишээний. Өөрөөр хэлбэл эрх мэдэлтнүүд хүүхдээ тушаал зөрчиж сургаад улмаар зээлийг нь тэглүүлж чадаж байна. Угтаа Монгол Улсын Засгийн газраас Авлигатай тэмцэнэ гэдгийг мэдэгдэж байгаа ч Ерөнхий сайдын багийн хүн нь хүртэл ийнхүү хууль зөрчиж байна шүү дээ. Гэхдээ үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэж байгаа эсэхийг би мэдэхгүй юм. 

-Таны нэр дурдаад байгаа Жаргалсайханы Төрболд гэдэг хүн чинь УИХ-ын гишүүн асан, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын  хүүхэд билүү?

-Тийм ээ мөн. Жаргалсайханы Төрболд нь өөрөө БШУЯ-нд гэрээгээр ажиллаж байхдаа БЗС-гаар сурахаар явсан байдаг юм билээ. Тэрбээр гэрээ ёсоор бол суралцаж төгсөөд БШУЯ-нд ажиллаж ёстой байсан. Гэвч тэндээ ажиллаагүй байдаг. 

-Энэ хүний тухайд НДШ-ээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөөд зээлээ тэглүүлсэн гэж байгаа шүү дээ. Ер нь ийм зөрчил хэр их байдаг юм бэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр НДШ төлөөд зээлээ тэглүүлсэн асуудал зөвхөн 2023 оны тушаалд багтсан зөрчил биш. Өмнөх зургаан сайдын тушаалд маш олон байгаа. "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр НДШ төлнө гэдэг нь Монголд ажиллаагүй, эсвэл Монголд ажил эрхэлдэггүй, зөвхөн аль нэг хувийн компанийн нэр дээр татвар төлдөг хүн байх магадлалтай байдаг. Жишээ нь Ганболдын Маргад гэж хүүхэд өөрөө Монголд байдаггүй, Англи улсад амьдардаг байж Монголын Залуучуудын холбооны нэр дээр таван жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр НДШ төлөөд зээлээ тэглүүлсэн байдаг. Тиймээс ч энэ мэт хүмүүсийн зээлийг тэглэж болохгүй гэдэг баримт, мэдээллийг би яам руу удаа дараа явуулж байсан. Гэтэл одоо ч ийм хууль бус шийдвэрүүд гарсаар байна. 

БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтсийн дарга асан О.Сийлэгмаа

-БЗС-гаар суралцсан хүмүүсийн зээл чөлөөлсөн асуудалтай холбоотой зөрчил байна гэдгийг АТГ-аас хүртэл тогтоож, мэдээлэл хийсэн шүү дээ. Гэтэл Д.Гарди даргаас өөр хүнд хариуцлага тооцсонгүй. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-БЗС-тай холбоотой албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй байгаад асуудал хөндсөн иргэний тухайд үнэхээр эгдүүцэж хүлээж авч байгаа. Би өөрөөрөө багагүй золиос гаргаж байж БЗС-тай холбоотой асуудлыг хөндсөн. Учир нь чанартай боловсрол гэдэг бол нийгмийн баталгаа. Нөгөө талаас сайн боловсрол нийгэмд тэгш, хүртээмжтэй байхгүй байсан. Ийм нөхцөл байдлыг мэдэж, илрүүлчхээд байхад иргэнийхээ хөндсөн асуудлын мөрөөр Засгийн газар үр дүн болох хариуцлагыг яагаад тооцохгүй байгаа юм бэ. Д.Гарди даргыг ажлаас чөлөөлсөн асуудал бол олны хэлдгээр жараахайн асуудал. Гэтэл өнөөдөр энэ асуудлыг гардан зохион байгуулж байгаа Л.Цэдэвсүрэн нь хуулийн хэлтсийн дарга, сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БЗС-гийн асуудал дээр биечлэн оролцсон байдаг. Гэтэл энэ хүнд хариуцлага тооцох нь байтугай албан тушаал дэвшүүлж, Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж байна. Энэ нь эргээд над шиг шүгэл үлээж байгаа, үнэнийг бичиж, мэдээлж байгаа хэвлэл мэдээллийнхэн, иргэдийн урмыг хугалж байна шүү дээ. Уг нь энэ бүхний мөрөөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хариуцлага тооцох учиртай. Гэтэл тэд ярианаас цаашгүй, үр дүнгүй ажиллаж байна. 

-Тэгэхээр та БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнг БЗС-тай холбоотой гол хүн гэж хэлэх гээд байна уу?

-2023 оны зээл тэглэлтэй холбоотой материалд сайд асан Л.Цэдэвсүрэн өөрөө гарын үсэг зурсан байна. Гэтэл Л.Цэдэвсүрэн зээл тэглэсэн 71 хүний дотор болохгүй хүн байгааг мэдэж байсан. Учир нь 2022 оны 10 дугаар сард би О.Цэдэвсүрэн сайдтай уулзаж хэлсэн байдаг. Хоёрдугаарт тэрбээр 2020 оны 12 дугаар зээл тэглэх тухай тушаал гаргаж байсан. Энэ 26 хүний дотор мөн л зээлийг нь тэглэж болохгүй хүн байсныг нь хэлж л байсан. Ганбямбын Дөлгөөн нь Монгол банканд 56 сар ажилласан байна. Мөн 2014 онд явсан учраас энэ хүнд зээл тэглэх тухай тушаал үйлчлэхгүй юм байна гэдгийг хэлж байсан ч зээлийг нь тэглэх тушаал гаргаж байсан. Түүнчлэн 2023 оны зургаадугаар сард зээлийн сонгон шалгаруулалтыг Л.Цэдэвсүрэн ахалсан байсан. Гэтэл найман хүнээс бусад нь буюу 48 хүнийг зөрчилтэй байхад нь сонгон шалгаруулсан. Энэ мэтээр зөрчил нь үргэлжилсээр байна. Гэтэл хариуцлага тооцохгүй улам дэвшүүлээд байгааг нь гайхаж байна. Магадгүй энэ мэт хууль журам зөрчсөн хүмүүс нь нэг л өдөр хуулийн шийдвэр гаргах түвшинд ажиллах юм байна гэж харж байна. 

-БЗС-гийн сонгон шалгаруулалтын нээлттэй ил тод болгосон гэх боловч 2023 оны сонгон шалгаруулалт мөн л зөрчил илэрсэн гэдгийг АТГ тогтоосон байсан?

-БЗС-тай холбоотой асуудал хөндсөний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан намайг дуудаж уулзаад "Яав л шударга, журмын дагуу нээлттэй болох юм бэ" гэдгийг асуусан. Миний хувьд аль болох автоматжуулах ёстой гэдэг өөрийнхөө саналыг хэлсэн. Д.Амарбаясгалан сайд Боловсролын яаманд үүрэг л өгөх үүрэгтэй. Гэтэл үүрэг, чиглэл өгч, анхааруулсаар байхад Л.Энх-Амгалан сайдын толгойлж байгаа яам, удирдлагын баг нь энэ алдаа зөрчлийг давтсаар байна гэдэг чинь Ерөнхий сайд толгойг нь илээд байгаагийн үр дүн юм болов уу гэж харж байна.  

-БЗС-гийн асуудлаар шүгэл үлээсний дараа танд нэлээдгүй дарамт шахалт ирсэн гэж байсан. Одоо гайгүй юу. Мөн Төрийн хамгаалалт авсан хэвээр байгаа юу энэ талаар ярих боломжтой болов уу?

-Асуудал хөндөхөөр ганц би ш биш, төрийн албан хаагч ч бай, жирийн иргэн ч бай нэлээдгүй дарамт шахалтад өртдөг байх. Асуудал хөндсөнөөс хойш албан бусаар буюу цахим орчинд болон гар утсаар нэлээдгүй дарамт шахалт ирж байсан. Одоо ч ирж байгаа. Албанаас бол ажлаас нь халж, бусад газарт ажиллах нөхцөл боломжийг нь хаадаг юм байна. Төрийн хамгаалалтын тухайд одоо ч мөн ялгаагүй асуудалтай байгаа учраас энэ талын мэдээллийг нээлттэй хэлэх шаардлагагүй байх гэж бодож байна. Уучлаарай. Ер нь төр, эрх барьж байгаа Засгийн газар нь асуудал хөндөж шүгэл үлээж байгаа иргэнийхээ нийгмийн баталгааг хангахгүй бол нийгмийн, эрүүл мэндийн, эдийн засгийн, сэтгэл зүйн хувьд үнэхээр том дарамт байдаг юм байна. 

-Ер нь БЗС-г зээлийг хүртээмжтэй, эрх тэгш, шударга явуулах ямар боломж байна гэж та харж байна вэ?

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар асуудал хөндсөнөөс хойш харьцангуй мэдээлэл ил тод боллоо. Гэхдээ гол асуудал нь хэрэгжүүлэх шатанд асуудал байсан хэвээр байна. Бодлого, журмын тухайд нээлттэй болгох тал дээр ажиллаж байна. Гэтэл нөгөө л хэрэгжүүлж байгаа яам, түүний харьяа байгууллагын удирдлагууд нь үнэхээр үүний жанхууг хутгаж байна. Шийдлийг Хэрэг эрхлэх газрын дарга ч тогтмол ярьж, автомат, шилэн болгоод байгаа ч журмаа мөрдөхгүй зөрчсөөр байна. Үүнээс харахад яаманд хариуцлага тооцохгүй бол мянга сайхан журам, мянга сайхан автомат байгаад үр дүн гарахгүй байна шүү дээ.