БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс дахь ардчиллын шинэчлэл ба авлигын эсрэг тэмцлийн үнэлгээ

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс дахь ардчиллын шинэчлэл ба авлигын эсрэг тэмцлийн үнэлгээ

Олон улсын судлаач Холгер Ловендорфийн хамгийн сүүлийн нийтлэлд Монголын ардчилал шинэчлэл, авлигын эсрэг тэмцэл нь Европын Холбооны хувьд яагаад чухал болох талаар дурджээ. Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ. 

ТУС НИЙТЛЭЛД: 

Холгер Ловендорф – Ахлах зөвлөх, Ардчиллын төлөөх Европын сан  2024 оны нэгдүгээр сарын 29, Брюсель хот

-ОРШИЛ-

Европын холбоо хараат байдлаа бууруулснаар “стратегийн бие даасан байдал”-д хүрэхийг зорьж байна. Энэхүү зорилтын хүрээнд Еврокомисс өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн аюулгүй байдлын стратегийг танилцууллаа. Стратегийн бие даасан байдалд хүрнэ гэдэг нь тийм ч амархан хүрэх зорилт биш. Европ гэлтгүй ардчилалд учруулах аюул занал өсөн нэмэгдэж буй энэ үед Европын холбоо уг зорилтоо биелүүлэхийн тулд тэдэнд найдвартай, ардчилсан түншүүд хэрэгтэй нь илт.

Ардчилал, үндсэн эрхийн нийтлэг үнэт зүйлсийг харгалзан үзвэл Монгол шиг улс орнуудын тухай л энд ярих ёстой юм. Тус улсын тухайд бельгичүүд төдийлөн сайн мэдэхгүй ч Монгол Улс нь ардчиллаа бэхжүүлэхийн тулд чухал алхмуудыг хийж байгаа нь илүү ихээр анхаарал татаж байна. Энгийнээр тайлбарлавал Freedom House-аас дэлхийн хамгийн сүүлд гаргасан чансаагаар 100 онооноос 84 оноо авч Монголыг “чөлөөт” гэж үнэлснийг бодож үзээрэй. Энэ нь одоогийн ЕХ-нд нэр дэвшигч бүх улс (хамгийн өндөр нь Хойд Македон 68) болон Польш, Румын, Болгар, Унгар зэрэг ЕХ-ны гишүүн орнуудаас хавьгүй өндөр оноо юм.

Эрх чөлөөт, ардчилсан орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь урьд өмнөхөөсөө ч илүү ач холбогдолтой байна. Ардчилсан олон орнууд дотоод болон гадаад янз бүрийн аюул заналхийлэлтэй тулгардаг. Харамсалтай нь өнөөдөр ардчиллаа бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж буй улс орнууд цөөн байна. Иймд Монгол шиг улс орнуудын талаар илүү сайн ойлголттой болох нь чухал юм.

Европын тулгамдсан хэрэгцээг харгалзан үзвэл Монголыг тодотгох нэмэлт хүчин зүйл бий. ЕХ нь стратегийн бие даасан байдлын төлөвлөгөөндөө зарим нэг түүхий эдийг хомс гэж тодорхойлсон бөгөөд хачирхалтай нь Монгол Улсад эдгээр түүхий эд байдаг аж. Монгол Улс нь Европын ирээдүйн төлөвлөгөөнд тодорхой үүрэг гүйцэтгэх боломжтой хэмээн харагдаж байна.

-МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН ШИНЭЧЛЭЛ БА АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛ-

2023 он Монгол Улсын хувьд чухал жил байлаа. Билгийн тооллын дагуу нам гүм, бодолтой амьтан болох харагчин, эм туулай жил. Тус улсын Засгийн газрын мэдээлснээр уг жил нь “Авлигатай тэмцэх жил” бөгөөд ардчилсан орнуудын хувьд авлигатай тэмцэх нь чухал учраас тийм ч нам гүм байх шалтгаан байхгүй.

Монгол Улс 1990 онд тайван замаар хувьсгал хийсний дараа улс төрийн эрх, иргэний эрх чөлөөг институцижүүлсэн олон намын сонгуулийн ардчилсан тогтолцоонд шилжсэн. Гэвч авлига асуудал хэвээр байсаар 2022 оны 12-р сард нүүрсний экспорт, боловсролын зээл сангаас үүдэлтэй олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Ард түмний дургүйцлийн улмаас 2023 оны хавар Засгийн газар парламентын төлөөлөл, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Авлигатай тэмцэх ажил нь энэхүү өөрчлөлтийн чухал хэсэг бөгөөд тус улсын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм. Монгол Улс авлигатай тэмцэж, түүндээ амжилт гаргах нь дотоодын улс төр, олон улсын харилцааны ирээдүйд чухал нөлөөтэй.

Тэгвэл Монгол Улс өнөөг хүртэл юу хийсэн бэ? Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус улсын Авлигатай тэмцэх газар (АТГ) авлигатай тэмцэх 2030 он хүртэлх үндэсний цогц стратегийг танилцуулсан. Стратегийн зорилтод төрийн албаны шинэчлэл, иргэдийн оролцоо, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн байгууллагуудын бие даасан байдлыг бэхжүүлэх, төсөв бүрдүүлэлт болон худалдан авах ажиллагааны авлигын эрсдэлийг бууруулах, хулгай, завшлага, хий зарлагатай тэмцэх зэрэг багтаж байна. Энэ үйл явцын хүрээнд АТГ олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн байгууллагуудын зөвлөмжид нийцүүлэн 40 гаруй хууль, тогтоомжийг хэрэгжүүлжээ.

Богино хугацаандаа ийм их анхаарлыг авлига руу чиглүүлэх нь асуудлын талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ гэж найдаж байна. АТГ 2023 онд авлигатай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, саналыг өмнөх онтой харьцуулахад хоёр дахин олныг хүлээн авчээ. Засгийн газар хууль бусаар нуун дарагдуулсан хөрөнгийг илрүүлэх, эргүүлэн авахын тулд хууль сахиулах ажиллагаанд хөрөнгө зарцуулах нь илүү олон эрүүгийн хэрэг илрүүлэхэд (аль хэдийн илрээд эхэлсэн) нөлөөтэй бөгөөд эргүүлээд үүнийг нь өргөн хүрээнд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээллэдэг аж. Харин урт хугацаандаа ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас санаачилсан энэхүү хяналт шалгалт, олон нийтэд мэдээллэх түвшин нэмэгдсэнээр асуудлыг арилгахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Авлигатай тэмцэх шинэ стратеги хэдийнэ үр дүнгээ өгч байна. АТГ-аас энэ долоо хоногт гаргасан тоон мэдээллээс харахад авлигын хохирол мэдэгдэхүйц буурсан байна. 2022 онд урьдчилсан дүгнэлтээр 5 их наяд төгрөг буюу тухайн үеийн ханшаар 1,35 тэрбум орчим евро авлигын улмаас алга болж 2,3 их наяд төгрөг (буюу 622 сая орчим евро) эргүүлэн авчээ. 2023 онд холбогдох тоо нь 845 тэрбум төгрөг (буюу 229 сая евро) алдаж, 17 тэрбум төгрөг (эсвэл 4,6 сая орчим евро) эргүүлэн авсан байна. Энэ нь “Авлигатай тэмцэх жил”-ийн хүрээнд алдагдлыг 83 хувиар бууруулсан нь Монгол Улсын хувьд амжилт юм.  

АТГ-аас гаргасан үнэлгээнээс харвал 2022-2023 онд сайжирсан хэд хэдэн үзүүлэлт бий. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө, орлогын мэдүүлгийн аудит; олон нийтийн гомдлыг шийдвэрлэх; төрийн албанд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэх; эрүүгийн хэрэг бүртгэлтийг нээж, шийдвэрлэсэн; эрүүгийн хэргүүдийг авчирч, шүүсэн зэрэг салбаруудад өсөлт ажиглагджээ.

Эдгээр эерэг хандлагыг 2024 онд бататгахын тулд Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх үндэсний стратегийг үргэлжлүүлэн Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, улстөрчдийн хууль бус орлого, оргон зайлсан төрийн албан хаагчдыг эргүүлэн авчрах, хулгайлсан эд хөрөнгийг буцаан авах Засгийн газрын ил тод байдал болон бусад зүйлд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хууль тогтоох шатандаа явж байна. Монгол Улсын Засгийн газар энэ оны нэгдүгээр сард бүх яам, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийг хамруулан авлигатай тэмцэх ажлыг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Үндэсний хороог байгуулсан.

-ДҮГНЭЛТ-

Монголын энэ мэт санаачилгын цар хүрээ нь энэ нь зөвхөн улс төрийн зорилготой бус, харин илүү гүнзгий түвшиндээ соёлын өөрчлөлт хийгээд нийгмийн хүчин чармайлт гэдгийг харуулж байна. Ил тод байдал, ардчилал хоёрын хооронд эерэг хамаарал байдгийг тус улс эртнээс хүлээн зөвшөөрч, авлигатай тэмцэх нь аль алинд нь хамаатай болохыг ч хүлээн зөвшөөрсөн. Ийм үзэл дэлхийд ховор бөгөөд бүс нутагтаа бүр ч ховор тохиолдол юм. Саяхан дэлхийн хэмжээнд хийсэн судалгаанаас харахад авлигын түвшин зогсонги байдалд орчихсон байна. Улс орнуудын оноо сайжрахаасаа илүү буурсан үзүүлэлттэй байна. Монгол Улс оноогоо ахиулахыг зорьж, энэхүү зорилгынхоо хүрээнд дорвитой алхмуудыг хийж байна. Хэдийгээр хийх ажил их байгаа ч гэсэн Европ Монголын хөгжил дэвшлийг анхаарч, дэмжиж ажиллах ёстой.

Монгол шиг улс орнуудын хүчин чармайлтыг үнэлж, тэдэнтэй үр дүнтэй харилцаж, цаашдын хамтын ажиллагааг эрэлхийлэх нь чухал. Дэлхийн ардчилсан орнуудын ирээдүй, ЕХ-ны бие даасан байдлын стратегийн төлөвлөгөө ч үүнээс шалтгаалж магадгүй юм. Европын улсуудаас авахуулаад ямар ч ардчилсан улс төгс байдаггүй хэдий ч цаашдын зам нь илүү их хэлэлцээ, дэмжлэг үзүүлэх механизмыг бий болгох хэрэгтэйг илтгэнэ. Энэ бол либерал ардчилал дэлхийн хэмжээнд ноёрхох цорын ганц арга зам юм. Мэдээллийг эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.