А.Хонгорзул: “Anuxai’s fitness show”-нд нөхөр минь миний өмнөөс бүртгүүлсэн. Эцэст нь хэний ч танихгүй би ялж чадлаа, одоо ч шокноосоо гараагүй байна

А.Хонгорзул: “Anuxai’s fitness show”-нд нөхөр минь миний өмнөөс бүртгүүлсэн. Эцэст нь хэний ч танихгүй би ялж чадлаа, одоо ч шокноосоо гараагүй байна

ТВ8 телевизээс зохион байгуулсан “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн 3-р улирлын төгсгөлийн 12 дахь дугаар өнгөрөгч пүрэв гарагт (2025.05.22) олон нийтэд хүрч, дасгалжуулагч Анухайн 45 хоногийн галбиржих эрчимтэй хөтөлбөрт хамрагдсан зургаан оролцогчоос биедээ хамгийн их өөрчлөлт гаргаж чадсан цор ганц ялагчаар А.Хонгорзул тодорсон билээ. Тэрбээр шоунд анх орохдоо 84 кг жинтэй байсан бол 45 хоногийн хугацаанд 15 кг хаяж чадсан юм. Бид түүнтэй уулзаж ярилцлаа.

ВИДЕО:

 

-Юуны өмнө үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Амарсайхны Хонгорзул гэдэг. Дорноговь аймгийн Улаанбаатар төмөр замын Замын дөрөвдүгээр ангид замчин мэргэжлээр ажилладаг.

-Шоуны ялагч болоод олны танил хүн болох мэдрэмж ямар байна вэ?

-Олны танил болсон мэдрэмж авахаар маш их сандардаг юм байна. Бас их ичдэг юм байна. Түүнийг дагаад маш их хариуцлага ирдэг юм байна гэдгийг одоогийн байдлаар ухамсарлаад явж байна.

-НӨХӨР МИНЬ "МИНИЙ СЭТГЭЛ САНААГ СЭРГЭЭЖ, ЗАВГҮЙ БАЙЛГАХ ГЭЭД" НАМАЙГ ЭНЭ ШОУНД БҮРТГҮҮЛСЭН БАЙСАН-

-Шоунд анх яагаад орох болсон бэ?

-Анх энэ шоунд өөрөө орох гэж байгаагаа үнэхээр мэдээгүй. Нөхөр маань миний өмнөөс Анухай багш руу “Би энэ шоунд ормоор байна. Би нөхөр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Хөдөө орон нутгаас холбогдож байна” гэх мэтээр маш их чат, коммент зогсоо зайгүй бичсэн юм билээ. Тэгээд нэг өдөр би ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал танихгүй дугаараас залгаад “Сайн байна уу. ТВ-8 телевизээс холбогдож байна. Та  “Anuxai’s fitness show”-нд сонгогдсон байна. Орох боломжтой юу” гэсэн. Нөхрөөсөө ч сонсоогүй байж байгаад гэнэт мэдсэн. Тухайн үед би “Орж болох уу” гэхэд нь “Тэгье” гээд хэлчихсэн. Утсаа тавьчихаад  маш их цочирдоод дахиж залгаад хүн андуурсан эсэхийг шалгасан. Тэгээд хамгийн түрүүнд нөхөр рүүгээ залгаж хэлсэн. “Ханиа намайг ийм шоунд орох уу гэнэ ээ” гэсэн чинь “Хөөх чам руу ярьсан юм уу. Би чиний өмнөөс бичсэн юм аа” гэсэн. Тэгээд бид “Хөөх чи яагаад бичсэн юм. Юу болсон юм” гэж асуусан. Яг шоуны бүртгэл эхлэхийн өмнөхөн би ойр дотны хүнээ алдаад хүнд хэцүү үеийг давж байсан. Тэгээд нөхөр минь “Миний сэтгэл санааг сэргээж, завгүй байлгах гээд энэ шоунд оруулахыг хүссэн” гэсэн.

-Энэ шоунд орохоос өмнө турах оролдлого хийж байсан уу?

-Би өмнө нь 95 кг жинтэй хоёр жил болсон байсан. Хүн чинь сэтгэлийн амьтан болохоор дотны хүнээ алдах үед шаналаад хоол унднаас гараад турдаг юм билээ. Тэгээд анх энэ шоунд орж ирэхдээ 84 кг-тай орж ирж байсан. Харин одоо 15 кг хасаад 69 кг болсон байна. Би энэ шоунд орохоос өмнө нэг ч удаа фитнессийн заланд орж үзээгүй. Гэхдээ эмэгтэй хүн л болсон хойно гэр орондоо байхдаа жингээ хараад “Турья, тийм дасгал хийе, ийм дасгал хийе” гэдэг байсан. Гэхдээ надад ерөөсөө үр дүн өгч байгаагүй. Тэгээд л би “За за ийм аргаар турна гэж байхгүй юм байна” гэж бодоод турах оролдлого нэг их хийхээ больсон байсан.

-Хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд нь ээжийгээ шоунд оролцож байгааг зурагтаар үзэхэд ямар байсан бол?

-Би хоёр хөөрхөн охинтой. Том нь найман настай, бага нь хоёр настай. Шоунд орж байх хугацаанд бага охин маань аавтайгаа хамт зурагтаар ээжийгээ гарахыг үзээд “Mommy”, “Мөөмөө” гэдэг байсан гэсэн. Том охин маань болохоор зурагтаар ээжийгээ шоу үзээд ээж нь уйлчихсан байхаар “Ээж яагаад уйлчихсан юм. Энэ эгч нар яачихав” гэдэг байсан гэсэн.

-ХООЛНЫ ДЭГЛЭМ ХАМГИЙН ХҮНД ХЭСЭГ НЬ БАЙСАН-

-Жингээ хаях 45 хоногийн аялал ямар байсан бэ?

-Дасгал бол фитнессийн заланд урд нь орж үзээгүй хүнд эхний долоо хоног маш хүнд байсан. Энгийн амьдралаасаа фитнессийн зал руу, хоолны дэглэм бариад орох үед биений булгарал маш их байсан. Эхний өдөр дасгал хийсний дараа юу ч мэдэгдээгүй. Хоёр дахь өдөр дасгалаа хийгээд тэр оройноос нь хамаг бие булгараад эхэлдэг юм билээ.  

-Хамгийн хүнд хэсэг нь юу байв?

-Хамгийн хүнд байсан үе нь гэвэл хоолны дэглэм. Хоолны дэглэм бол уйлмаар мэдрэмж байсан. Яагаад гэвэл би чинь маханд их дуртай. Чанасан маханд дуртай байсан хүн чинь гэнэт тахианы цээж мах руу ороод цээж мах идээд явах бол чанга байсан. Би чинь “Anuxai’s fitness show”-нд хамгийн уйланхай нь байсан. Юм л бол хоолой зангираад, нулимс цийлэгнээд байдаг байсан. Тэр маань ч бас хоолтой холбоотой байсан болов уу.

-Хоолны дэглэм барьж байх үед сэтгэл санаагаар унаад дүрмээ зөрчих үе гардаг шүү дээ. Тийм үе гарсан уу. Хэрхэн давсан бэ?

-“Буудалд байгаа юм чинь ганц юм идчихэд намайг хэн л харав гэж дээ” гэсэн бодол толгойд орж ирдэг юм билээ. Би чинь өөрөө амттан, хийжүүлсэн ундаанд аягүй дуртай. Би дэлгүүр ороод амттай юм аваад идчихээр “Би чинь ард түмний төлөөлөл шүү дээ” гэдэг бодол төрдөг юм билээ.

Өчнөөн олон ээжүүдийн боломжийг булааж авчихаад ганцаараа байгаа юм чинь гээд идээд байвал би өөрөө өөрийгөө ч ялж чадахгүй байж болохгүй гэж бодсон.

-ХЭНИЙ Ч ТАНИХГҮЙ ЭМЭГТЭЙГ ОЛОН НИЙТ ИНГЭЖ ДЭМЖИНЭ ГЭЖ БОДООГҮЙ. ОДОО Ч ШОКНООСОО ГАРААГҮЙ БАЙНА-

-Шоуны ялагч болно гэж бодож байсан уу?

-Шоуны ялагчийг тодруулах мөчид би аймар шоконд орсон. Уйлах гээд байгаа хүүхэд шиг царай гаргаад дотроо бол маш их баярласан. Багш ирж тэврээд “Мундаг байлаа. Чи бүр авах ёстой 50 оноогоо 50-ууланг нь авч чадлаа” гэсэн чинь аймар гүнзгий амьсгаа аваад “Баярлалаа багшаа” гэсэн. Тэгээд л өөрийн эрхгүй инээд хүрээд “Ёооё энэ ямар гоё мэдрэмж вэ” гээд л. Яг одоогийн байдлаар ч гэсэн энэ шокноос гараагүй явна.

-Цахимаар санал хураалт явагдсан. Танаас бусад нь бүгд тодорхой хэмжээнд олны танил болсон урлаг соёлын хүмүүс байсан?

-Цахим санал хураалтаас л эхлээд шоконд орж эхэлсэн. Цахим санал хураалт 21:00 цагт эхлэнэ гэхээр “Намайг мэдээж Улаанбаатар төмөр замынхан минь мэдээж дэмжих байх. Мэр сэр гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс дэмжчихнэ. Яах бол доо” гээд л айж байсан. Би бүр тухайн үедээ түгшээд айгаад шууд фэйсбүүкээсээ гараад явчихсан. Тэгээд хоёр цаг орохгүй байж байсан чинь манай ээж залгаад “Маш мундаг явж байна” гэсэн. Тэгэхээр ороод харсан чинь 20 мянга, 30 мянга хүрчихсэн. Би чинь бүр шоконд орсон. “Өө ямар аймар юм бэ” гээд л. Хүн чинь сандраад “Яана аа” гээд гэр бүлийнхэн рүүгээ залгадаг юм билээ. “Ямар олон хүмүүсийн итгэл вэ. Ямар олон хүмүүс намайг дэмжиж байна аа” гээд хэлсэн чинь ээж минь “Миний охин тайван байгаарай” гээд тайвшруулсан.

-Шантрах хүнд хэцүү санагдах үед юунаас хүч авч, даван туулж байсан бэ?

Бат ар зогсож байгаа гэр бүл. Хоёрт ард түмнээс ирж байгаа дэмжлэг. Намайг ямар ч хүн танихгүй. Зүгээр л ажлаа хийж байгаад ирсэн эмэгтэй жингээ хаяж хасч байгаа. Гэтэл олон нийтээс маш их халуун дулаан үгтэй комментууд ирж байсан.

Хүмүүс хэдий утасны цаанаас надад хандаж баяр хүргээд, урмын үг хэлж байгаа ч гэсэн яг шантраад гэр орноо, үр хүүхдээ санах үед аймар хөөрхөн “Гарч ирээд тэвэрч байгаа юм шиг” мэдрэмж авдаг юм билээ.

Тэрийгээ уншихаар маш их урам авна. Жаахан шантраад ирэхээр хүмүүсийн урмын үгийг уншаад л “Ямар гоё юм бэ. Маргааш би ингэх юм байна” гээд л бодно. Хүмүүсийн урмын үг надад маш их дэмжлэг болж өгсөн.

-ЮБКА ӨМСМӨӨР САНАГДААД ЦААНААСАА ЭМЭГТЭЙЛЭГ БОЛЧИХДОГ ЮМ БАЙНА-

-Тураад гоё болоход ямар мэдрэмж төрж байна вэ?

  • Хүн таргалах тусмаа биеэ нуусан нэвсгэр навсгар хувцас өмсөх гээд байдаг юм байна. Гэрт байгаа шкафаа ухаад үзэхээр ерөөсөө л том том футболка, нөхрийнхөө футболка, өмдийг өмсөх гээд байдаг, нөхрийнхөө хувцасыг булаацалдах маягтай болчихсон байсан. Тураад гэдэс хэвлийгээр багасаад ирэхээр “Ваав, ямар гоё юм бэ. Энэ мэдрэмж чинь гоё юм байна”, “Би тэгж хувцаславал надад зохих болов уу” гээд л бодогддог юм байна. Би ер нь юбка өмсдөггүй байсан. Юбка өмсмөөр санагдаад нээх гоё эмэгтэйлэг болчихдог юм байна.

-Хоолны дэглэмээ цаашид барих уу?

Би одоо 33 дугаар зөрлөг дээр ажиллаж амьдардаг. Зөрлөг дээр минь фитнесийн зал байхгүй. Мэдээж багшаасаа зөндөө их сурсан зүйл байгаа. Одоо цаашид хоолны дэглэмээ бариад явна. Буцаад хуучин руугаа очмооргүй байна. Бүр илүү гоё болмоор байна.

-Гэр бүлийн хүн нь энэ шоунд орох нөхцлийг бүрдүүлж өгсөн. Тэгэхээр таныг ялагч болоход танаас илүү баярласан байх?

-Манай хүн чинь “Баяр хүргэе. Би угаасаа чамайг мэдэж байсан. Чи энэ нэвтрүүлэгт орсон байгаа юм чинь ямар нэг өөрчлөлт гаргаж чадна гэдэгт чинь итгэж байсан” гэсэн. Тэгээд л намайг ялагч болсон гээд залгасан чинь “Угаасаа мэдэж байсан юм аа. За баяр хүргэе. Хайртай шүү” гэсэн.

-Өөрийгөө ялж жингээ хаяад дээр нь машинтай болсон гэхээр үнэхээр сайхан санагдаж байна?

-Ялагчийнхаа машиныг унаад танай гадаа ирсэн байна. Ер нь бол маш гоё байна. Өөрийнхөө биеийг гоё урлаад дахиад гоё машинтай болсон. Энэ бол надад маш том боломж байлаа. Ээн боломжийг авсандаа маш их баяртай байгаа. Мэдээж ийм сайхан шоунд ороод өөрийгөө өөрчлөөд толгойноос хөлийн ул хүртлээ өөрийгөө өөрчлөөд байж байгаадаа Анухай багшдаа маш их баярлалаа. Өөрөөрөө бахархаж байна.

 




Өнөөдөр могой өдөр

8 цагийн өмнө