А.Цэрэнбат: АН дотор бослого гаргаж,  Л.Гантөмөр болон түүнийг дагасан хулгайч нарыг зайлуулна

А.Цэрэнбат: АН дотор бослого гаргаж, Л.Гантөмөр болон түүнийг дагасан хулгайч нарыг зайлуулна

Ардчилсан намын нэр бүхий гишүүд Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг огцрохыг шаардаж хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат "Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг огцрохыг өнгөрсөн аравдугаар сараас хойш шаардаж байна. Энэ хүн гишүүддээ олдохоо байсан. Төрийн ордонд явж Ардын намын даргатай зураг авахуулж,  Ардын намын гишүүн шиг болсон. Ардчилсан намын гишүүд болон аймаг, дүүргийн дарга нар ард түмнийхээ талд ажиллаж, дуу хоолойгоо хүргэх гэхэд нь Л.Гантөмөр хориглодог. Эрх баригчдыг шүүмжлэхэд нь "Битгий шүүмжил, боль" гэдэг. Л.Гантөмөр Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банк, Нүүрсний хэрэг зэрэгт нэр холбогдсон. Гэмт хэргээрээ эрх баригчдад барьцаалагдсан ийм хүнийг Ардчилсан намын даргаар ажиллуулахгүй. Энэ хүн үнэхээр гэмт хэрэгт холбоотой юм бол хилийн хориг тавих хэрэгтэй гэдэг бичгийг бид өнөөдөр АТГ-т өгөх гэж байна. Магадгүй Л.Гантөмөр гэмт хэрэгт холбоотой нь нотлогдоод хилээр гараад явчихвал яах юм. 

Ардчилсан намын 21 аймаг, 9 дүүргийн дарга нарт уриалж байна. Энэ хүнийг огцруулж байж сонгуульд оролцох ёстой. Л.Гантөмөр хэтэрхий унтаа, аймхай байна. Мөн Ардын намын боол болж, генсекээрээ бас нэг хулгайчийг томилсон. Ардчилсан нам дотор бослого зарлаж. Л.Гантөмөр болон түүнийг дагасан бүх хулгайчийг зайлуулна" гэлээ.