Монгол Улсад айлчлах ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэж хэн бэ?

Монгол Улсад айлчлах ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр энэ сарын 07-08-ны өдрүүд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах асуудлыг ярилцана хэмээн албан мэдээнд дурджээ.

Тэгвэл Германы Ерөнхийлөгчөөр долоо дахь жилдээ ажиллаж буй  Ф.В.Штайнмайэр гэж хэн бэ?

  • Ф.В.Штайнмайэр нь 68 настай бөгөөд хуульч, эрх зүйч мэргэжилтэй.
  • Холбооны зөвлөлөөс 2017 онд түүнийг 73.9 хувийн саналаар ХБНГУ-ын 12 дахь Ерөнхийлөгчөөр, 2022 онд 71 хувийн саналаар дахин сонгосон.
  • Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө 2005-2009 болон 2013-2017 онд Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашсан байна.
  • Энэ үедээ буюу 2014 онд Ф.В.Штайнмайэр Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байжээ.
  • ХБНГУ-аас Ерөнхийлөгчийн түвшинд 1998, 2008, 2015 онуудад тус тус манай улсад айлчилж байсан юм.
  • Монгол Улсаас 1995, 2000, 2012, 2015 онд тус тус Ерөнхийлөгчийн түвшинд ХБНГУ-д айлчилж байв.
  • Энэ удаагийн айлчлалаар Ф.В.Штайнмайэр нь гэргий Элке Бюденбендерийн хамт ирнэ.
  • Сонирхуулахад, Ф.В.Штайнмайэр 2010 онд бөөр нь өвдсөн эхнэртээ өрөөсөн бөөрөө өгч суулгуулсан байна. Энэ талаар хатагтай Э.Бюденбендер “Миний нөхөр бол өргөн утгаараа ч, шууд утгаараа ч биеийн минь тал” гэж нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.
  • Хуулийн сургуулийн оюутан байх үедээ гэргийтэйгээ танилцаж, 1995 онд гэр бүл болж, 1996 онд охин Мерит нь төрсөн.
  • Хөл бөмбөг, морь, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх сонирхолтой нэгэн.