О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн ашгийг өөрөө хүртэж, засварыг улсаар хийлгэж ирсэн Т.Нямдаваагийн үйлдлийг зогсоож, өмчлөлийг буцаахаар ярьж байна  /ШУГАМ/

О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн ашгийг өөрөө хүртэж, засварыг улсаар хийлгэж ирсэн Т.Нямдаваагийн үйлдлийг зогсоож, өмчлөлийг буцаахаар ярьж байна /ШУГАМ/

"Шугам" нэвтрүүлгийн ээлжит дугаарт Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг оролцлоо. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн газрын талаарх асуудлаар мэдээлэл өгсөн.

Энэ үеэрээ "1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлж байсан түүхтэй. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.

Гэвч хамтарсан компани хэрнээ өдийг хүртэл санхүүгийн мэдээллээ тайлагнахгүй, ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа" хэмээн мэдэгдсэн юм. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Үүнээс үүдэн наадмын үеэр иргэд, худалдаа үйлчилгээ нь багтахгүй, шахцалддаг болсон. Түүнчлэн тус газар зөвшөөрөлгүй авто зогсоол барьж, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нийслэлийг бүртгүүлэлгүй Т.Нямдаваа гэдэг нэг хүний эзэмшилтэй бүртгүүлсэн зэрэг хууль бус үйлдлүүд нэмэгдсээр анх 38 га байсан газраас одоо 12.6 га л үлджээ. Тиймээс бид энэ асуудлаар ярилцлаа.

ВИДЕО: 

-Долоо хоногийн өмнө та Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талаар ноцтой мэдэгдэл хийсэн. Тэгэхээр бидний Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг Төв цэнгэлдэх хүрээлэн Т.Нямдаваа гэх хүний өмч юм уу?

-Товчхон хариулахад энэ газар дан ганц тэр хүний өмч биш. Энэ бас нийслэлийн ч өмч. Хамгийн сүүлд 2007 онд "Төв цэнгэлдэх" ХХК гэх нэрээрээ гэрчилгээгээ авсан. Одоогоор нийслэл энэ компаний 49 хувийг эзэмшдэг.

-Яг ямар байдлаар тэр хүний хувийн мэдэлд тус газрын 51 хувь нь оччихсон юм бол?

-1993 оны өмч хувьчлалаас л үүдэлтэй асуудал байгаа юм. Би хувь хүнийхээ хувьд Монгол Улсын баялгийн тэгш бус хуваарилалт энэ үеэс үүдэлтэй гэж боддог. Тухайн үед эрх мэдэл бүхий мэдээлэлд ойр байсан хүмүүс л хамгийн ашигтай гэх обьектуудыг өнөө ягаан тасалбараараа авсан байдаг. Анх Төв цэнгэлдэхийн 30 хувийг өмч хувьчлалд шилжүүлэхэд нийт 4 хүн орж ирсэн байдаг. 25, 26 хувийг нь Т.Нямдаваа гэх хүн үлдсэн хувийг нь бусад иргэд авсан. Гэвч явцынхаа дунд Т.Нямдаваа гэх хүн нөгөө гурван хүнийхээ хувийг худалдаж аваад 30 хувийг авсан байсан. Тэгээд явсаар байгаад 2000 онд дахиад 19 хувийг нь Төрийн өмчийн хорооноос хувьчлах шийдвэр гаргаж Т.Нямдаваа гэх хүн мөн авсан байдаг юм байна лээ. Ингээд 51 хувь нь нийслэлд, 49 хувь нь тус иргэнийх болсон байдаг. Цаашлаад 2003 онд Төв цэнгэлдэхийн хажууд одоогийн Рапид харш баригдсан хэсэгт нэг жижиг павьиолон байсан бөгөөд түүнийг нийслэл буюу тухайн үеийн удирдлагууд 432,200 төгрөгөөр хувийн компанид худалдчихсан юм байна лээ. Гэтэл нийслэл өөрийнхөө өмчийг хувийн компанид шилжүүлсэн учраас нийслэлд ногдох хоёр хувийг бид авна гээд 49 хувиа 51 болгох ТУЗ-ийн шийдвэр гарсан байгаа юм. Энэ үеэс л хууль бус үйлдлүүд газар авч эхэлсэн гэсэн үг.

-Одоо Төв цэнгэлдэхийн хэсэгт маш олон барилга, байгууламжууд баригдчихсан. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд газар зарсан орлогоос нийслэлд тодорхой хувь орж ирсэн болов уу?

-Нэг ч орлого орж ирээгүй. Энэ Т.Нямдаваа гэх хүн 2008 оноос эхлэн төв цэнгэлдэхийн газраас хэсэгчилж зарж эхэлсэн. Тодруулбал, тухайн газарт баригдаж байгаа орон сууцнаас авна гэдэг ч юм уу ийм зарчмаар явсан. Одоо бид газрын үнэлгээ хийтэл гурав дахин багасаад 38.3 га л нийслэлд үлдсэн байгаа юм. Зарагдсан газрынхаа тооцооллыг одоогийн зах зээлийн ханшаар бодоод үзэхээр нийт 240 тэрбум төгрөг болж байгаа юм. Үүнээсээ 49 хувиа бодвол 120 тэрбум болно. Тэгэхээр ийм эд хөрөнгөө л хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж алдсан байгаа юм.

-Төв цэнгэлдэхийн баруун гар талд одоо алга дарам хэмжээний ногоон зүлэг бүхий газар үлдсэн. Тэнд л хүмүүс их агаарладаг. Гэтэл та мөн мэдээллийнхээ үеэр Т.Нямдаваа гэх хүний хүү тэр хавьд зогсоол ч юмуу бас нэг обьект барьсан гэх зүйлийг дурдсан. Энэ талаараа дэлгэрэнгүй яриач?

-Тэр газар нь яг цэнгэлдэх рүү машинаараа ордог хэсэг гэсэн үг.  Т.Нямдаваа гэх хүний хүүгийн "Мөнхсан" гэх компаний эзэмшил бүхий газар. Тэнд одоо худалдаа үйлчилгээ ч юм уу орон сууцны ч юм уу өндөршил ихтэй тийм байгууламж барих гэж байгаа юм билээ. Хэрэв тус барилга баригдаад ирвэл төв цэнгэлдэх харагдахаа ч болино гэсэн үг. Ганц харууцтай хэсгийг нь хаагаад барилга барьчихна гэсэн үг. Мөн тус барилгадаа зориулаад зогсоолын хэсгээ эртнээс бэлдчихсэн тэр хавьд төлбөртэй зогсоол ажиллуулаад байгаа.

-Та бүхэн энэ асуудал дээр ямар арга хэмжээ авч байна?

-Бид мэдэгдлээ өгсөн. Хариу нь ирсэн. Цэнгэлдэхийн үүдний дүнзэн байшингийн жижгийг нь гуравдугаар сарын 15, томыг нь тавдугаар сарын 15 гэхэд газар гэсэхээр зөөхөөр болсон. Зогсоолын асуудлыг гуравдугаар сарын 20 гэхэд чөлөөлүүлэх шийдвэр гарсан.

-Жил бүр төв цэнгэлдэхэд урсгал засвар хийгддэг. Тэгэхээр энэ засварын мөнгө хаанаас гардаг байсан юм бол, мөн зун болгон урлагийн арга хэмжээ, тоглолтууд цэнгэлдэхэд болдог. Үүний түрээсийн орлого хаашаа ордог вэ гэж асуумаар байна?

-Ер нь бол энэ Т.Нямдаваа гэх хүмүүс жил бүр ашигтай хэсгээ өөрсдөө аваад, хамгийн хэцүү ажлуудыг нийслэлд үлдээдэг байсан. Тодруулбал, өөрсдөө ашгийг нь хүртэж, зардлыг нь нийслэлээр гаргуулдаг байсан гэсэн үг. Бид 2008 оноос жил бүр Төв цэнгэлдэхэд засвар хийх, суудлуудыг солих, эргэн тойрны зам талбайг засч янзлах гэх мэт ажлуудыг улсын төсвөөр хийж ирсэн. Үүний зардлыг хамгийн багаар бодоход 4.7 тэрбумын төсөв мөнгө гарч ирж байгаа юм. Гэтэл энэ хүмүүс улсаар засвараа хийлгээд л, өөрсдөө шоу наадмуудын түрээсийн орлогыг аваад л сууж байсан. 2007 оноос хойш буюу нийт 17 жилийн хугацаанд нийслэлд 32 сая төгрөгний ногдол л өгсөн байгаа юм.

-Төв цэнгэлдэхийн өмчлөлийг буцаах хууль эрх зүйн орчин бидэнд байгаа юу?

-Байлгүй яахав. Төв цэнгэлдэх ХХК бол орон нутгийн өмчийн оролцоотой компани. Тэгэхээр компаний хуулиараа өмчлөлийг буцаах боломжтой. Тэгэхээр төв цэнгэлдэхийн шударга бус хуваарилалтыг үгүй болгож, тэгш зарчмаар ажиллах боломжийг хангана.

-Ярилцсанд баярлалаа.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө