Д.Тэгшбаяр: Манай улсын ардчиллын индекс унахад "иргэдэд тавьж буй хориг хязгаарлалт"-ууд шууд нөлөөлсөн /ВИДЕО/

Д.Тэгшбаяр: Манай улсын ардчиллын индекс унахад "иргэдэд тавьж буй хориг хязгаарлалт"-ууд шууд нөлөөлсөн /ВИДЕО/

Аливаа улс орны ардчиллын индексийг олон намын тогтолцоо, чөлөөт шударга сонгууль, хуулиа дээдэлдэг ил тод нээлттэй төр, эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхийг эрмэлздэг чанар, засгийн газрын хяналт, нөлөөллөөс ангид бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонх, цөөнх байхаас үл хамааран иргэн бүрийн эрх чөлөөг хамгаалдаг эсэхэд тулгуурлан гаргадаг.

Монгол Улсын хувьд өнгөрсөн 2023 онд ардчиллын индексээр 0.43 оноо авч 77 дугаар байранд орж өмнөх оноосоо 16 байраар ухрав. Харин 2024 онд дахин 4 байраар ухарч, 81 дүгээр байранд оржээ. Тэгвэл бид энэ талаар судлаач Д.Тэгшбаяртай ярилцаж, манай улс ямар үндэслэл, заалт, үнэлгээний улмаас ардчиллын индекс унаж байгаа тухай болон энэ хэвээрээ үргэлжилбэл цаашид тулгарч болох эрсдлийн талаар ярилцлаа.

ВИДЕО:

-Манай улсын ардчиллын индексээр энэ жил дахин ухарсан байна. Тэгвэл хамгийн гол нь ямар үзүүлэлтүүдээс шалтгаалж манай улсын ардчиллын индекс унаад байна вэ?

-Олон улсын хөгжлийн байгууллагууд жилдээ найман ардчиллын индексийг гаргадаг. Гэхдээ үүнээс гурвыг нь илүү чухалд тооцдог. Эдгээрийн нэг нь V-DEM институт бөгөөд түүний гаргадаг ардчиллын  олон талт байдлын үнэлгээг хамгийн чухалд тооцдог. Учир нь энэ индексийг дэлхийн банкны засаглалын индексийг гаргахдаа мөн авлигын төсөөллийн индексийг гаргахад шууд авч ашигладаг бөгөөд дотроо зургаан бүлэгт хуваагддаг. Үүний либериал ардчилал гэдэг үзүүлэлтэд манай улс өнгөрсөн жил 77 оноотой байсан бол энэ жил 81 оноотой болж буурсан. Унасан үзүүлэлттэй байсан хэсэг нь сонгуулийн ардчилал. Өмнөх жил ч ийм байсан. Үүний дагуу манай улсын зүгээс тодорхой арга хэмжээ авсан бол сонгуулийн ардчилал гэдэг хэсэг дээр өндөр үзүүлэлт үзүүлж либериал ардчиллын үнэлгээг өсгөх боломж байсан.

Гэхдээ сайн мэдээ гэвэл зургаан үзүүлэлтийн нэг нь тогтвортой, нэг өссөн үнэлгээтэй байна.

Үүнийг харвал өнгөрсөн жил үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, жендерийн тэгш байдлыг хангах, улс төрийн намын нэр дэвшигчдийг эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хүйсийн тэгш байдлыг хангах квотын зохицуулалтыг хийснээр ардчиллын индекст эерэгээр нөлөөлж байна. Мөн иргэдэд тавигдах хориг хязгаарлалт гэдэг бүлэг дотроо 15 бүлэгт задардаг. Энэ хэсэг дээр нэлээд уналттай байлаа. Хориг хязгаарлалтад юу ордог вэ гэвэл нийгмийн ямар бүлэг, улс төрийн харьяалал, байршил, жендер, эдийн засгийн байдлаар бүлэг тус бүрт тодорхой хязгаарлалт байна вэ гэдгээс хамаарна.

Уг нь хуулиндаа ямар нэгэн хязгаарлалт байхгүй хэрнээ практик дээр хязгаарлалтууд гарч ирж байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх буюу либериал ардчилал гэх түрүү жил уналттай байсан хэсэгтэй шууд холбоотой. Бас иргэний эрх чөлөө гэдэг үзүүлэлт нөлөөлнө. Гэхдээ үүн дээр уналт гараагүй. Ийнхүү иргэдэд тавьж буй хориг хязгаарлалт буюу хууль хүчний багууллагатай холбоотой энэ асуудал манай улсын ардчиллын индекс унахад шууд нөлөөлсөн. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар иргэдийг савлуулж байна.

Ташрамд дурдахад, 2023 онд Монгол Улс анх удаа ардчиллаас ухралттай буюу саарал бүсэд орсон. Энэ жил хоёр дахь удаагаа орж байна. Мөн Монгол Улс дахин ардчиллын үзүүлэлтүүдээр ухрах магадлалтай.

Өнгөрсөн жил гэхэд л сүүлийн арван жилийн хугацаанд хамгийн өндөр оноогоор ухралт үзүүлж буй улсын тоонд манай улс орсон. Гэсэн ч энэ жил ардчиллын индексийг ахиулах дорвитой ажил хийж чадсангүй. Ялангуяа хууль хүчний байгууллагыг хүний эрхийн мэдрэмжтэй байлгах хэрэгтэй байна.

- Ардчиллын индексийг тодорхойлоход олон нийтийн төсөөлөл нөлөөлдөг үү?

-Авлигын төсөөллийн индекс болон ардчиллын олон талт байдлын индект иргэдийн төсөөллийг авдаггүй. Иргэдийн төсөөлөл дээр үндэслэсэн судалгаа хийдэггүй. Хөгжлийн байгууллагуудас гаргасан судалгааг авч нэгтгээд гаргадаг. Түүнээс гадна авлига илэрч байгаа нь сайн хэрэг боловч энэ бол хийх ёстой л ажил. Үүнийг магтах ямар ч шаардлага байхгүй. Иргэд бэлэн байх үүргийг төр хүлээсэн. Мэдээж иргэдийн боловсролыг дээшлүүлэх хэрэгцээ байгаа.

Гэхдээ авлигын хэргүүд илэрч иргэдийн төсөөлөлд өөрчлөлт орсноор авлигын индекст буураагүй. Иргэдээс судалгаа авч энэ индексийг гаргадаггүй.

Үүнийг эрх барьж байгаа хүмүүс нь ойлгох хэрэгтэй. Мөн эдийн засгийн хөгжлийн дэд сайд хэлж байна лээ. "Энэ ардчиллын индекс нэг их чухал биш. Нэг судлаач үнэлээд гаргачихдаг юм" гэж байсан. Яг үнэндээ тэр хүн ажлаа мэдмээр байна. Энэ хүнд баримжаа ч алга. Ардчиллын индексийн хувьд дэлхийн банкны бүх байгууллагууд авдаг, хөгжлийн хамгийн урт хугацааны дата ашигладаг, 4200 судлаатайгаар боловсруулдаг зүйл. Тэгэхээр ажлынхаа ач холбогдол, алин дээр нь анхаарах вэ гэдгээсээ эхлээд төрийн алба хаагчид өөрсдөө эхлээд ойлгомоор байна.

- Өнгөрсөн жил 16 байраар, энэ жил дөрвөн байраар ухарсан. Гэтэл үүн дээр төрөөс анхаарч бодлого зохицуулалт хийж байсан уу?

-Төрөөс 5Ш ажиллагаа ч юм уу янз бүрийн арга хэмжээ аваад байна. Энэ ажиллагаа нь энэ үзүүлэлтүүдийг сайжруулах гэсэндээ бус улс орныг хөгжүүлэх гэсэн зорилго байгаа гэдэгт би итгэдэг. Гол нь бид энгийн зүйл дээр л алдаад байна. Жишээлбэл бид 2023 онд иргэдтэй зөвлөлдөх хэсэг дээр уначихсан. Хууль тогтоомж шийдвэр гаргахдаа иргэдтэй зөвлөлдөх ёстой гэдгээ хуулиндаа заасан хэрнээ хэрэгжүүлдэггүй.

Тээврийн цагдаагийн газраас ч бас өчигдөр хэлэхдээ иргэдтэй зөвлөлдөх боломжгүй гэсэн. Манай улс чинь уг нь хуультай дүрэмтэй улс шүү дээ.

Гол нь байгаа хуулиа төр болон төрийн алба хаагчид нь өөрсдөө хэрэгжүүлэхгүй байна. Мөн хуулиа хэрэгжүүлэхээр давхар стандарттай хэрэгжүүлдэг. Тухайлбал надад нэг өөрөөр танд нэг өөрөөр үйлчлээд байгаа юм. Ядаж тогтсон онолоосоо төрийн ажилчид суралц. Түүнээс гадна мэдээлэл хангалттай ил тод биш. Судалгаагүй зүйл их хийж байна. Энэ мэтчилэн анхан шатны алдаагаа л ойлгох хэрэгтэй. Хууль тогтоомжийн хувьд аль ч улсаас дутахааргүй сайн. Гол нь хэрэгжүүлэх л хэрэгтэй. Үгүй бол ач холбогдол нь гарч ирэхгүй байгаа юм.

-Хэрвээ энэ хэвээрээ ардчиллын индекс унаад байвал улс төр болоод олон улсын харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

-Манай улс автократ дэглэм рүү орохын даваан дээр л байна. Уг нь ардчилсан улс. Гэтэл автократ дэглэм рүү ороход яг бэлэн болсон. Хэрэв бид дэглэмийн хувьд өөрчлөгдөх юм бол олон улсын байгууллагын санхүүжилт, тусламж хүндрэлтэй болж ирнэ. Хамгийн том импакт үзүүлэх зүйл бол гадны зээлийн хүү. Иймд бид Монгол Улсыг төлөөлж байгаа гол индексүүдээ бүгдийг харж, ач холбогдол өгч, хариуцлага хүлээлгэдэг механизмаа хэрэгжүүлэхгүй л бол урт хугацаандаа буюу таван жилдээ зээлийн эдийн засагт хор нөлөөтэй гэж харж байна. Энэхүү бодлогын судалгаанд "манай индексийг хэрэгжүүлээгүй байх нь танай улсын эдийн засагт хор хөнөөл учруулна" гэсэн зүйл байхгүй. Гэхдээ судлаач хүний хувьд хэлэхэд үүн дээр л ач холбогдол өгөхгүй бол төр засаг автократ дэглэм рүү шилжинэ. Энэ нь төр засаг нь хэдийд ч ямар ч шийдвэр, арга хэмжээ авах магадлал үүсчихдэг. Тэгэхээр ийм тодорхойгүй, эрсдэлтэй нөхцөл байдал руу хөрөнгө оруулж байгаа тул зээлийн хүүгээ нэмнэ л гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр могой өдөр

16 цагийн өмнө