ВИДЕО: “Архи ууж, эхнэрээ зодсон хоёр жилийн амьдралдаа хамгийн их харамсдаг. Архинаас гараад эхнэртээ ганц удаа ч гар хүрээгүй”

ВИДЕО: “Архи ууж, эхнэрээ зодсон хоёр жилийн амьдралдаа хамгийн их харамсдаг. Архинаас гараад эхнэртээ ганц удаа ч гар хүрээгүй”

Бусдын л адил алдаж бас онож явсан ч амьдралдаа зөв гэхээсээ илүү буруу шийдвэр олон гаргаж, архинд толгойгоо мэдүүлэн ар гэрийнхээ хүнд зовлон болж, өөрийн амьдралыг дэмий үрэн таран хийж байсан хэдий ч хожимдсон ч гэлээ ухаарсан нэг хүнтэй бид энэ удаа ярилцлаа. Түүний амьдрал хэн нэгэнд бага ч гэсэн сургамж, өөрчлөгдөх итгэл найдвар болоосой гэсэн үүднээс түүнтэй ярилцсан юм.

ВИДЕО: 

Түүний хувьд өдгөө 50 гарч яваа. 9 орчим жил архи уусан нэгэн. Эхнэртэйгээ нийлээд долоон жил болж байгаа бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд архи уусан үедээ эхнэртээ гар хүрч бие мах бод болоод сэтгэл санаанд нь гэмтэл учруулах болжээ. Харин цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг бүртгэлжүүлж эхэлснээр мөн хамтарсан багийн эхлүүлсэн “Итгэл” төсөлд хамрагдсанаар архинаас гарч, ажилтай болж, амьдрал нь өөрчлөгдөж эхэлжээ. Одоо бол тэднийхээс нэг ч дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирдэггүй гэнэ. 

Тэрбээр, "Архиа хэтрүүлэн хэрэглэж өөрийн ухаангүй болсон үедээ л эхнэртээ гар хүрчихдэг байсан. “Итгэл” төсөлд хамрагдсаны дараагаас уухаа багасгаж байгаад одоо бол архинаас бүр гарсан. Сэтгэл зүйч, өөр бусад хүмүүстээ уулзаж, архины хор хөнөөлийг ойлгож, ухаарсан. Эхнэртээ гар хүрч явсан хоёр жилийнхээ амьдралд маш их харамсдаг. Одоо бодоход амьдралаа шал дэмий үрсэн байна. Хажуудах ханиа ч их зовоожээ. Намайг уудаг байх үед эхнэр маань цагдаагийн байгууллагад хэд хэд дуудлага  өгсөн. Гэхдээ тэр үед нэг өдөр эрүүлжүүлэхэд хийгээд маргааш нь суллачихдаг байсан. Харин дараагаас нь регистерийн дугаараа бүртгэлжүүлээд хэрвээ давтан дуудлага ирэх юм бол бараг шүүхээр орох болчихсон. Тэр үеэс л "одоо ер нь больё доо. Амьдралаа бодъё" гэж бодох болсон.

Архи гэдэг чинь ер нь санааных. Уухгүй гэвэл уухгүй байж бас болдог.

Өмнө нь “Та татгалз” гэдэг аянд бас хамрагдаж байсан ч үр нөлөө үзүүлээгүй. Уухаа больсноос хойш амьдралд олон зүйл өөрчлөгдсөн. Эхнэртэйгээ ярилцаад үр хүүхэдтэй больё гэж бодож байгаа. Олон ч зорилго төлөвлөгөө байна даа" гэж бидэнд ярьсан юм. 

Харин түүний эхнэр, "Манай нөхөр надтай нийлэхдээ ч архи хэрэглэдэг байсан. Гэхдээ гар хүрдэггүй байсан юм. Сүүлд л гар хүрдэг болчихсон. Тэр үед нь ихэнхдээ цагдаад мэдэгддэг. Зодоходоо нүүр, толгой руу алгадаад авдаг л байсан даа. Нөхрөө өөрийнхөө ухамсраар архинаас гарчих болов уу гэж бодоод нөхөртөө итгээд хүлээгээд л байдаг байсан. Тэр үед сэтгэл санаагаар унаад салах талаар боддог байсан ч хайртай юм болохоор салж чаддаггүй юм билээ. Гар хүрснийхээ маргааш нь ч юм уу надад “Уучлаарай хайраа” л гэдэг. Би ч тэр үедээ уурлаж байгаад уучилчихдаг даа. Одоо бол уухгүй байгаа. Би өөрөө ч ажилд орсон. Хүүхэдтэй больё ч гэж бодож байна" гэлээ.

Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг бүртгэлжүүлж эхэлснээр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд л гэхэд үүнтэй холбоотой хэрэг 20 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. 

Ийнхүү бид тус Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Эрдэнэсүрэнгээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл болон бүртгэлжүүлж эхэлсэн талаар тодрууллаа. Тэрбээр, "Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн сан буюу SS програм хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийллээс гадна зөрчлийн шинжтэй бүх дуудлага мэдээллийг регистерийн дугаараар нь бүртгэлжүүлж эхэлсэн. Ингэснээр давтамжтай дуудлага мэдээлэл өгч байгаа айл өрхийн хаяг байршил, хувийн мэдээлэл санд хадгалагдсанаар тухайн хүчирхийлэл үйлдсэн этгээд ял завших болон хүчирхийлэл үйлдсэн хариуцлагаас бултах боломжгүй болсон. Үүний дагуу манай Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны хувьд дөрвөн айл байнгын давтамжтай дуудлага өгдөг байсан бол урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан баг гаргаж тухайн иргэдэд нөлөөллийн арга хэмжээ авснаар тухайн дөрвөн айлын нэгээс нь он гарснаар нэг ч дуудлага мэдээлэл ирээгүй байна" гэлээ.

Мөн ямар нөлөөллийн арга хэмжээ авч байгаа талаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны засаг дарга Д.Төр-Эрдэнээс тодруулахад, "Хүүхэд хамгааллын хамтарсан баг ихэнхдээ эцэг эхчүүдэд арга хэмжээ авдаг бөгөөд иргэнээс давтамжит дуудлага ирснээр тухайн иргэн дээр нөлөөллийн ажил хийх боломжтой болсон. Тухайн өрхийн хувьд өмнө нь мэдээлэл дуудлага өгдөг байсан ч давтамжтай бүртгэдэггүй байсан. Харин одоо давтамжтай бүртгэж, хамтарсан баг ажилсанаар үр дүнгээ өгсөн. Бид сэтгэл зүйч ажиллуулах, очиж уулзах, зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийж, ажлын байраар мөн хангаж өгсөн" гэв.