SOS: Корона вирусын голомт гэгдэж буй Ухань хотоос 100 гаруй оюутан Монголд ирсэн үү

SOS: Корона вирусын голомт гэгдэж буй Ухань хотоос 100 гаруй оюутан Монголд ирсэн үү

Манай урд хөрш буюу БНХАУ-д дэгдээд байгаа корона вирус /2019-nCoV/ гэх шинэ төрлийн титэм вирус мутацид орж өөрчлөгдөх магадлалтай болоод байгаа ажээ. Одоогийн байдлаар тус вирусын халдвар авч есөн хүн амиа алдаад байна. Харин тус халдварын голомт болох Хубэй мужийн Ухань хотноо хөл хорио тогтоогоод байна. Ингэснээр тус хотоос гарах, хотод нэвтрэхийг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.

Хамгийн сүүлийн мэдээгээо БНХАУ-ын 13 мужид уг халдварын 440 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Тайланд, Япон, БНСУ-аас гадна АНУ-д анхны тохиолдол бүртгэгджээ.

Харин хамгийн ноцтой нэгэн мэдээлэл байгаа нь “Шинэ төрлийн корона вирусын голомт гэгдээд байгаа Хубэй мужийн Ухань хотод Монголын 204 оюутан албан ёсоор суралцдаг. Эдгээрийн 100 гаруй нь вирусийн тохиолдол бүртгэгдэхийн өмнөхөн Монголд ирсэн байна. 60 гаруй нь амралтаараа аялаж яваа бол Уханьхотод 20 орчим оюутан одоогоор байна” гэж БНХАУ дахь Монголын оюутны холбооноос мэдээлжээ.

Харин Bloomberg Mongolia телевизийн захирал Э.Долгион өөрийн твиттер хуудастаа“Ноцтой мэдээ: Хятадад гарсан САРС-тай төстэй шинэ вирусын халдвар авсан байж болзошгүй 4 (дөрвөн) хүн Улаанбаатар хотод илэрсэн байж магадгүй байна. Гэхдээ албаныхан үүнийг нууцалж байгаа, мэдээлэхээс зайлсхий гэж чиглэл өгсөн талаар эх сурвалж хэлэв. Асуулт: Иргэдээс нууцалж яах?” гэжээ.

Тэгвэл уг вирусын халдвараас яаж урьдчилан сэргийлэх вэ? Энэ вирусын халдвар авах эх үүсвэр бол халдварын голомт, халдвар авсан хүнээс агаар дуслын замаар халдварлах боломжтой гэсэн үг. Халдварын голомт Хятад улсын Ухань хотоос гарсан учраас энэ бүс нутгаар зорчихгүй байх хэрэгтэй. Мөн уг вирусаар өвчилсөн хүнээс халдвар тарах боломжтой тул урд хөршөөс ирсэн хүмүүст халуурсан эсэхийг шалгаж илрүүлэг хийх хэрэгтэй.

Халдварын нууц хугацаа гэж байдаг, халдвар авсан хүн ханиад томуу, уушигны хатгалгаа зэрэг зовиур шинж тэмдэгээр илэрдэг тул манай оронд халдварласан хүн орж ирсэн болохыг үгүйсгэхгүй. Иймд, олон нийт, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ ам, хамарны маск зүүж гарын ариун цэврийг сайн сахих шаардлагатай. Хэрвээ урд хөршид зорчиж яваад ханиад томуугаар өвчилсөн бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой.