Ө.Энхтүвшин: Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаахаар шийдвэрлэв

Ө.Энхтүвшин: Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаахаар шийдвэрлэв

Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаах шийдвэрийг дөнгөж сая гаргалаа. Уг шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу 2020.01.27-ноос эхлэн мөрдөхөөр болжээ.

Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдэж, Монгол Улсад халдвар тархах эрсдэлтэй байгаа тул Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг гаргаснаар ийнхүү сургууль, цэцэрлэгийг амраахаар болов.

Цаашид коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд авах арга хэмжээний талаар Улсын Онцгой комисс шат дараатай арга хэмжээ авахаар болжээ.

Энэ талаар Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодрууллаа.

-Ирэх сарын 2-н хүртэл сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргасан байна. Хилээ хаах уу?

-Хилийн мөн гуравдугаар сарын 2-н хүртэл хаана.

-Коронавирусийн халдвар илэрчихсэн гэсэн үг үү?

-Одоогоор илэрсэн зүйл байхгүй. Гэхдээ маш хурдацтай тархаж байна. 

-Ирэх нэгдэхээс сургууль, цэцэрлэгийг хаах уу?

-Тэгнэ, гуравдугаар сарын 2-н хүртэл хаахаар шийдлээ. Яг үүнтэй холбоотойгоор Засгийн газрын холбогдох шийдвэрүүд нь гарна. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг гуравдугаар сарын 2-н  хүртэл хориглож байна. 

-Монголд энэ вирус бүртгэгдсэн үү?

-Одоогийн байдлаар илэрлээ, нотлогдлоо гэсэн зүйл алга. Гэхдээ анхаарал, болгоомжтой байх ёстой. Манай урд хөршид маш хурдтай тархаж байна шүү дээ. 

-Цагаан сараар яах вэ?

-Цагаан сараа хийдгээрээ хийнэ.