Б.Бат-Эрдэнэ сайд ан агнуурын дуудлага худалдаанаас хууль бус хөрөнгө босгодог байж болзошгүй байна

Б.Бат-Эрдэнэ сайд ан агнуурын дуудлага худалдаанаас хууль бус хөрөнгө босгодог байж болзошгүй байна

Тусгай зориулалтын ан агнуур нь жилдээ 10 сая ам.доллар эргэлддэг томоохон салбар болжээ. Олон нийт төдийлөн анзаардаггүй уг салбарын дуудлага худалдааг өнгөрсөн оноос эхлэн аймаг, орон нутагт нээлттэй хэлбэрээр зарлах Засгийн газрын шийдвэр гарсан. Гэвч их мөнгө эргэлдэхийн хэрээр, уг дуудлага худалдаанаас хууль бус санхүүжилт босгодог байж болзошгүй нөхцөл үүссэнийг ан агнуурын салбарынхан илэрхийлж байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аймгийн Засаг дарга нарт илгээсэн албан бичиг

Засгийн газрын тогтоолоор энэ онд тусгай зориулалтаар 16 аймгийн нутаг дэвсгэрт, 10 төрлийн ан амьтан агнах тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Жилдээ 10 сая доллар буюу 35 тэрбум төгрөг эргэлддэг уг салбарын нээлттэй дуудлага худалдааг, өнгөрсөн оноос эхлэн аймагт нь Олон улсын жишиг, стандартын дагуу нээлттэй хэлбэрээр зохион байгуулж, орлогын тодорхой хувийг орон нутагт дэмжлэг болгон үлдээх журмыг Засгийн газар баталсан байна. Гэвч ямар нэгэн шинэ салбарт их мөнгө эргэлдэх тусам дүрэм, журмыг санаатайгаар мушгин гуйвуулж, төрийн нэрээр хувь хүртдэг, хулгай хийдэг тогтолцоо ан агнуурын салбарыг ч мөн дайрсан байна.

Тодруулбал, дуудлага худалдааны эхний жил буюу 2023 онд Агнуурын амьтан агнах, барихад,

  • А тал буюу Тухайн аймгийн БОГАЖ-ын дарга ...,
  • Б тал буюу Тухайн аймаг, сумын агнуурын бүс нутгийн менежментийн хариуцагч ...,
  • В буюу Дуудлага худалдааны ялагч-иргэн эсвэл хуулийн этгээд гэсэн гурвалсан гэрээг байгуулдаг байжээ.

Гэвч ан агнуурын бүс нутгийн менежмент төлөвлөгөө хариуцагчид нь тухайн бүсийнхээ ан амьтдын өмчилж, хуулиас давсан хувийн үзэл суртал гаргах байдлаар дуудлага худалдааны ялагчаас авлига нэхэж тусгай зөвшөөрөл олгох гурвалсан гэрээнд гарын үсэг зурахаас татгалзах, удаашруулах, хойшлуулсан олон тохиолдол гарах болсон байна. Хууль зөрчсөн байж болзошгүй энэ үйлдлээс болж дуудлага худалдааны ялагчид эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдолууд хууль, шүүхийн байгууллагад одоо ч шалгагдаж байгаа аж. Үндсэндээ сумын ИТХ, аймгийн БОАЖГ, цаашлаад БОАЖЯ-ны албан тушаалтнууд нь агнуурын менежмент хариуцлагчдыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн сольж, эрх ашгийн зөрчилтэй компанид шилжүүлэх, агнуурын бүс нутгийг дарамталж, дээрэмдэж авах зэргээр шат шатандаа авлигажсан энэ гажуудал 2012 оноос хойш Ан агнуурын салбарт бугшсан байна. 

Иймээс нээлттэй дуудлага худалдаанд ийм хэлбэрийн гурвалсан гэрээг тусгах нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6, Амьтаны тухай хуулийн 29-р зүйл зэрэг холбогдох хуулийг тус тус зөрчсөн тул Засгийн газрын 2024 оны 19-р тогтоолоор хүчингүй болгожээ. Гэвч БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ оны гуравдугаар сарын 26-нд аймгийн Засаг дарга нарт чиглэл өгөхдөө, хүчингүй болгосон заалтыг зөрчиж, өмнөх гурвалсан гэрээний загвараар дахин гэрээ байгуулах чиглэл өгсөн байна. БОАЖ-ын сайд Бат-Эрдэнийн Засгийн газрынхаа тогтоолыг зөрчсөн энэхүү шийдвэр нь эцэстээ “нээлттэй дуудлага худалдаа” гэх нэрээр Ан агнуурын тусгай зөвшөөрлөөс хууль бус санхүүжилт босгодог уу гэх хардлага төрүүлж байгааг тус салбарынхан илэрхийлж байна.