Ө.Энхтүвшин: Ухань хотод сурч буй 30 гаруй оюутныг авчрах ажлыг маргаашнаас эхлүүлнэ

Ө.Энхтүвшин: Ухань хотод сурч буй 30 гаруй оюутныг авчрах ажлыг маргаашнаас эхлүүлнэ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж коронавирусээс урьдчилсан сэргийлэхтэй холбоотой асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. 

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын дарга С.Амарсайхан, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр нар танилцууллаа. 

Шадар сайд Ө.Энхтүвшинд мэдээлийн эхэнд "Нэг цагийн өмнө авсан мэдээгээр БНХАУ-д дэгдсэн коронавирусээр 1956 хүн өвчилж, 56 хүн нас бараад байна. Нийт 19 оронд халдвар бүртгэгджээ. Эрдэмтдийн хэлж буйгаар уг өвчнийг эмчлэх аргагүй бөгөөд агаараар, ахуйн замаар халдварлаж байна. 

Манай улсад уг өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй ч  халдвар авах өндөр эрсдэлтэй гэж үзэж  байна" гэсэн юм. 

Тиймээс манай улс эмнэлэг, эмч, мэргэжлийн хүмүүсийг бэлэн байдалд ажиллуулахаас гадна бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг гадны улсаас авахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна.  

БНХАУ-тай хиллэж буй хилийн боомтуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах, иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тавихаар болжээ. 

Мөн ЕБС, Их дээд сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийг гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилуулахгүй байх шийдвэрийг гаргасан билээ.  

Харин томоохон зах худалдааны төвүүдийг  урьдчилан сэргийлэх чиглэлд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулна гэж Хотын дарга С.Амарсайхан мэдэгдлээ. 

Мөн олон нийтийг хамарсан бүхий л арга хэмжээ, хурал цуглааныг зохион байгуулахгүй гэдэг шийдвэрийг гаргажээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Бид бэлэн байдалд ажиллаж 50 ортой  тусгай өрөөг бэлтгэсэн. Ирэх долоо хоногт оношлуур төхөөрөмжийг Япон улсаас авна" гэсэн юм.  

Мөн өнөөдрийн хуралдаанаар Ухань хотод сурч, амьдарч буй 30 гаруй оюутныг Монголд яаралтай авчрах асуудлыг маргаашийн дотор хэрэгжүүлэхээр болжээ.