ЭМЯ-аас корона вирусын талаар цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Хоёр хоногийн өмнө (1.28) ХӨСҮТ-д сэжигтэй 14 тохиолдол бүртгэгдэж иргэдийг тусгаарлан шинжилгээнд оруулсан.
Шинжилгээний бүх хариу сөрөг гарсан бөгөөд одоогоор Монголд корона вирусын тохиолдол илрээгүйг албан ёсоор мэдэгдлээ. Мөн энэ үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица дэлхийд бүртгэгдсэн тохиолдын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Дэлхийн хэмжээнд дэгдэлтийн тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар 6065 тохиолдол бүртгэгдэж, 132 хүн нас барсан. Мөн Арабын нэгдсэн Эмират улсад дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас тархалт идэвхтэй явагдаж буй улс болох Хятадын хилийн гарах цэг дээр хяналт шалгалт хийхийг зөвлөж байгаа.Тэгэхээр голомттой бүс нутгаас шууд нислэгээр ирж байгаа зорчигчдод хяналт тавих нь зүйтэй” гэсэн юм.
Мөн ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл ДЭМБ-д нэмж оношлуур авах хүсэлтээ илгээсэн бөгөөд ойрын гурван хоногт 2500-3000 оношлуур ирэх юм байна.
Мөн Эрүүл мэндийн дэд сайд асан, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа Ухань руу сайн дурын эмчээр явахаар болсноо мэдэгдсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Одоогоор халдварын голомт руу явахыг хориглосон байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас бол мэдээж зөвшөөрөхгүй. Энэ талаар одоогоор албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Хэрэв үнэхээр явна гэвэл хувь хүний эрх чөлөөний асуудал” гэлээ.
Одоогоор ХӨСҮТ-д халуурсан шинж тэмдэг бүхий дөрвөн иргэн тусгаарлагдсан байгаа бөгөөд “Шинжилгээний хариу маргааш гарна” гэлээ. Корона вирусын тархалт томуу төст өвчний үетэй давхцаж байгаа тул иргэдийн зүгээс андуурч ирэх тохиолдол их байгаа юм байна.
Тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдсэнтэй холбоотойгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шуурхай хороо дахин хуралдаж халдварын улмаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхийг өнөөдөр шийднэ гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица мэдэгдлээ.