Д.Дөлгөөн: Хүүхдүүдээ дэмжиж, урам зориг өгөх зорилгоор  “Динозавр” болж марафонд оролцсон /ВИДЕО/

Д.Дөлгөөн: Хүүхдүүдээ дэмжиж, урам зориг өгөх зорилгоор “Динозавр” болж марафонд оролцсон /ВИДЕО/

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн. Тус өдөрлөгт 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 34 орны 20 мянга гаруй хүн гүйсэн билээ.

Тэгвэл эл өдөр бусдаас ялгарсан онцлох оролцогчдыг зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, иргэд эергээр хүлээн авч буй. Хамгийн сонирхолтой нь насны хязгааргүй бүгдийн хайрыг татсан нэгэн өхөөрдөм оролцогч динозаврт иргэд сошиалаар талархал илэрхийлж, чухам ямар хүн байсныг нь хайх хүн цөөнгүй байгаа юм. Иймд бид энэ удаа тус оролцогчийг iSee.mn сайтын “Social ID” буландаа онцлон ярилцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Доржготовын Дөлгөөн гэдэг. Манай найзууд намайг Нөөнө гэж дууддаг.

-Цаг үетэй холбогдуулан таны марафонд оролцсон талаар яриагаа эхэлье. Энэ удаагийн “Улаанбаатар марафон”-ы ямар зайд уралдсан бэ. Анх удаа оролцож байгаа юу?

-Би өнгөрсөн жил анх удаа “Улаанбаатар марафон”-д оролцож, 21 километрийн зайд гүйж байсан. Энэ жил дахин 21 километрт гүйх гэсэн боловч нэг асуудал гараад гүйж чадаагүй. Тэгээд бэлтгэлгүй байсан болохоор энэ жил яах вэ гэж байгаад хоёр хүүхдээсээ оролцох эсэхийг нь асуусан. Хүүхдүүд маань ч оролцох сонирхолтой байсан тул бэлтгэлгүй ч 5 км зайд хоёр хүүхдээ дэмжиж хамт гүйхээр болсон.

-Динозаврын дүрээр гүйсэн байсан. Олон нийт маш эергээр хүлээн авсан байна лээ. Яагаад энэ өмсгөлийг өмсөх болов?

-Өнгөрсөн жил найзуудтайгаа ярьж байсан юм. Дараа жил хэдүүлээ “динозаврын хувцастай оролцох уу” гээд. Тиймээс энэ жил хоёр хүүхдэдээ ч урам болж динозавр болж гүйхээр шийдсэн. Тэгээд талбай дээр очоод хувцсаа өмсөх газар байхгүй гэж бодоод гэрээсээ өмсөөд гарсан. Гэтэл талбай орох замд таарсан хүүхдүүд намайг ирж тэврээд, баярлаад л ёстой хөөрхөн байсан. Нэлээд хүний анхаарал татчих шиг болсон. Би өөрийгөө гаднаасаа харахгүй байсан ч гүйхээр толгойн санжганаад аягүй эгдүүтэй харагддаг юм байна лээ. Тэгээд л ерөөсөө л хүүхдүүдийг баярлуулж гүйх юм байна шүү гэж явсаар талбай орсон. Гэтэл 5 километрийн зайд гүйх .хүмүүс аль хэдийн гараанаасаа гарсан байсан. Би араас нь “хүүе би гүйе” гээд ардаас нь гүйсэн.

-Халуун байсан шүү дээ. Битүү хувцастай гүйх хэцүү байсан уу?

-Би уг нь алхалт, авиралт хийдэг хүн болохоор аягүй амархан байх болов уу гэж бодож байсан. Гэвч тэр хувцас нь агаар орвоо хийн гараад уначихдаг юм байна лээ. Тиймээс яг битүү орчинд 5 км зайд 40 гаруй минут гүйсэн. Тиймэрхүү байдалтай гүйх хэцүү байсан. Битүү хөлрөөд зам харах цонх маань цантаад, гараа оруулж чадахгүй учир нүүрээрээ цонхоо арчаад гүйсэн. Гүйх явцад угаасаа ууланд энэ байтугай битүү орчинд алхдаг юм чинь чадна гэж явсаар байгаад амжилттай бариандаа орж чадсан.

-Хамт гүйж байгаа хүмүүсийн хандлага ямар байсан бэ?

-Бүгд л аягүй баярлаад, өхөөрдөж байсан. Хамт гүйж байсан хүүхдүүд намайг энд тэндээс тэврээд байсан. Том харагдаж байгаа ч би өөрөө туранхай болохоор намайг тэвэрч байгаа хүүхдүүд шууд миний өвөр дээр унаад хөөрхөн байсан. Хүмүүс маш их баярлаж, зураг авсан. Бас гэнэт урд гарч ирж цочоогоод, сүүлэн дээр гишгээд л тэгэнгүүт аав, ээж нь хүүхдүүддээ “хүүе наад хөөрхөн амьтныхаа сүүлэн дээр битгий гишгээрэй” гэхчлэн хүн бүр л өхөөрдөж байсан.

-Энэ удаагийн марафоны бэрхшээлтэй зүйл нь юу байв. Эсрэгээрээ таатай санагдсан зүйл нь юу байна. Дараа жил юуг шинэчлээсэй гэж хүсэх вэ?

-Өнгөрсөн жилийн марафонд 21 километрт хагас зам буюу арай өөр замаар гүйсэн. Харин энэ жилийн 5 км арай жижиг замаар гүйсэн. Дээрээс нь нэлээд их хүнтэй санагдсан. Ядаж байхад би өөрөө маш их талбай эзэлж гүйсэн болохоор тэгсэн байх. Ихэнх оролцогчид албан байгууллага юм уу, найз нөхдөөрөө явж байсан болохоор гүйхээсээ илүү алхаад, зугаалж байгаа юм шиг явж байсан. Өмнөх жилийнх 21 км байсан болохоор ч тэр үү оролцогчид нь яг жинхэнээсээ гүйсэн. Мөн оролцсон марафонуудаасаа харахад тэмдэглэгээг маш сайн хийсэн байна лээ. Гэхдээ би энэ жил 5 км зайд амжилттай бариандаа орчхоод 21 болон 42 километрт гүйж байгаа найзууддаа ус өгөх гээд хараад зогсож байхад миний бодлоор өнгөрсөн жилийнхээс хөгжөөн дэмжигчид нь бага болсон юм шиг санагдсан. Намайг түрүү жил гүйхэд хүмүүс маш гоё дэмжиж, өөрсдийн танил оролцогчдодоо урам өгч байсан. Энэ жилийн хувьд гурав дахь тойргоос бүр хүнгүй болж байгаа харагдсан. Дээрээс нь бас нэг аюултай зүйл анзаарсан. Гэнэт дугуйтай хүмүүс гарч ирээд 42 километрт гүйж байгаа хүмүүс дугуйтай мөргөлдөх осол нэлээд гарч байсан. Тамирчид маань гэнэтийн нөхцөо байдлаас үүдэж санаандгүй хальт гишгээд бас гэмтэл авна шүү дээ. Тиймээс эхний 5 цагийг бол бараг тамирчдадаа зориулж баримаар юм шиг санагдсан. 3-4 цаг болоод хүмүүс нь суларч, холхиж эхлээд гүйж байгаа хүмүүст саад болж байгаа харагдсан. Тэр нь жаахан эрсдэлтэй. Ямартай ч “Улаанбаатар марафон”-ы оролцогчид жил ирэх тусам нэмэгдэж байна. Гаднаас бас их тамирчид ирж оролцож байна. Одоо манай монголчууд бас өөрсдөө бариагаа авмаар байна.

-Одоо хоёулаа таны талаар ярилцъя. Уулын спортод сонирхолтой, хайртай хүн гэж ойлгосон. Энэ спортыг сонирхоод хэдэн жил болж байгаа вэ?

-Би өөрийгөө уулын спортын хүн гэж бол тодорхойлдоггүй. Зөвхөн сонирхогч нь гэж хэлж болно. Уулын спорт бол миний хувьд маш үнэ цэнтэй, асар их тэвчээр шаарддаг спорт. Би эхлээд аялагч байсан. Зүгээр л монгол орныхоо сайхан газруудаар аялах дуртай. Мөн гаднын улсуудаар аялах дуртай аялагч байсан. Тэгж яваад нэг удаа Алтай Таван Богдоор аялж байхдаа, тэр оргилуудад авирах хүсэл төрж анх Алтай Таван Богдын нэг оргил руу авирч байсан.

-Монголын болон Ази, Европын ямар оргилуудад авиралт хийж байв?

-Алтай Таван Богдоос хойш уулын спортыг сонирхож, багаараа Европын хамгийн өндөр ноён оргил Эльбрус руу авирч, амжилттай оргилдож байсан. Дараа нь Африкийн ноён оргил Килиманжаро руу гарч үзсэн. Мөн монголынхоо сайхан оргилуудад гарч үзлээ. Хамгийн сүүлд “indochinaын хамгийн өндөр уул Fansipan ууланд гарсан.

-Уулын спорт сонирхогчийн хувьд оргилдох үед, авирах үед авдаг таатай мэдрэмжээ хуваалцвал?

-Ямар ууланд авирахаас шалтгаалаад техникүүд нь өөр өөр байдаг. Ямар ч техник ашиглаж авирсан оргилд гарна гэдэг нь өөрийгөө бүрэн ялан дийлж байна гэсэн үг. Оргилд гарах хүртэл маш их тэвчээр шаарддаг. Өөртэйгөө маш их зөрчилддөг. Би анхны авиралтаа хийж байхдаа “Чи чадна гэсэн шүү дээ. Үгүй ээ би чадахгүй юм байна. Гэрийнхэндээ чадна гэж хэлээд гарсан биз дээ. Намайг ойлгох байлгүй дээ. Би чадахгүй юм байна. Үгүй ээ чи чадна гээд ийм үнэтэй гутал авсан биз дээ” гэхчлэн хоёр мөрөн дээрх чөтгөрүүд тэмцэлдэж байгаа юм шиг л байдаг. Тэгж явсаар хамгийн сүүлд өөрийгөө ялан дийлж, оргилдох маш сайхан санагддаг. Бас оргилдсоны дараа дараагийн өндөр ууланд гарахад ямар мэдрэмж авах бол өөр техникийн авиралт хийж үзэх үед надаас юу гарах бол гэхчлэн маш олон гайхалтай бодол төрдөг. Гэхдээ миний хувьд хамгийн чухал нь оргилдох гэхээс илүү буцаж ууланд гарсан цэгтээ ирнэ гэдэг нь “уулын авиралт” гэдэг үгийн гол утга юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Оргилдох гэдэг нь авиралтын яг 50 хувь. Гарсан цэгтэй буцаж ирээд багаараа сайхан кофе, цайгаа уугаад авиралтаа ярьж суух нь хамгийн сайхан мэдрэмж байдаг.

-Ууланд авирахын тулд бие, сэтгэлзүйгээ олон сарын өмнөөс бэлдэх шаардлагатай байдаг шүү дээ. Мөн зөвлөгөө, сургалт зөв мэдээлэл хэрэгтэй байх. Тэр мэдээлэл, судалгаагаа хаанаас авдаг вэ?

-Би уулын спорт сонирхогч дундаа шинэ хүн одоо бараг гурван жил болж байгаа. Харин манай улсын мундаг уулчид 10 болон түүнээ дээш жил монголдоо болон олон улсад авиралт хийж байгаа мэргэжлийн хүмүүс байдаг. Би болохоор тогтмол уулчид шиг бэлтгэл хийдэггүй. Яг сонирхлоороо явдаг учраас клубийн ахмад тамирчид, найд нөхдөөсөө зөвлөгөө, мэдээлэл авч суралцдаг. Дээрээс нь миний бодлоор гаднын уул руу авиралт хийхэд нутгийн хүмүүсийн хөтчөөр авах нь зөв санагддаг. Тэд бүх зүйлээ мэддэг учир маш тодорхой шаардлага тавьдаг. Жишээлбэл, Чи ийм хувцас өмсөх ёстой. Өнөөдөр ийм зүйл хэрэглэх ёстой. Хоол хүнсний хувьд энийг идэх ёстой. Одоо унтсан байх ёстой. Чиний зүрхний цохилт тэд байгаа учир авиралт хийж чадна, чадахгүй гэхчлэн стандарт болгосон зүйлээ тулгаж, түүнийгээ баримталж, хангуулахыг хүсдэг. Тэр нь өөрөө маш том эрсдэлийг хаадаг юм байна гэж харсан.

Бас бид дараагийн авиралт хийх уулаа сонгохдоо шууд бодож байгаад шийддэггүй. Энэ уул руу авирахыг мөрөөдөж, бодож байна. Тэгэхээр би ямар бэлтгэлийг хийх ёстой билээ. Ядаж хаданд, мөсөнд авирч сурах ёстой юм байна. Авиралтын янз бүрийн тоног төхөөрөмжийг ямар ч эрсдэлтэй үед гар бээрсэн байсан ч сэтгэлзүйн байдлаа хянаж зөв хэрэглэж чаддаг болох гэхчлэн байнгын бэлтгэл хийх шаардлагатай байдаг.

-Та бас гаднын улс орнуудаар аялж сонирхолтой зураг, бичлэг нийтэлдэг юм байна лээ. Дэлхийн улсуудаар тойрон аялах хүсэл, сонирхолтой залуус их бий. Тэдэнд зориулж туршлагаасаа хуваалцаж, аяллын зөвлөгөө өгөөч?

-Миний хувьд экстрем аялал хийх таалагддаг болсон. Анх бол Тайланд яваад далайн эрэг дээр очиж зургаа авах гэдэг юм уу аяллын сонирхол, хүсэл тэгж л эхэлж байсан. Гэхдээ сүүлдээ тиймэрхүү зүйлээс илүү дараагийн шатны үр бүтээлтэй аялал илүү таалагддаг болсон.

Монголдоо болон гадаадад аялах хүсэлтэй, аялж буй залуустаа зохиулахад, Гадагшаа аялах гэж байгаа бол шашныг нь заавал судлаарай. Хоолыг нь заавал судлаарай. Ямар нь эрсдэлтэй байдалд очихоос өөрийгөө хамгаалж судалгааг сайн хийгээрэй. Жишээлбэл халуун оронд аялах гэж байгаа бол халуун орны өвчин тусахаас сэргийлсэн вакцинаа ядаж хийлгэх хэрэгтэй. Ингэхдээ хэдэн сарын өмнө хийлгэсэн байх шаардлагатай. Дээрээс нь нөгөө газар нь магадгүй шашны ямар нь урсгалыг дагаж, шүтдэг бол хувцсаа анхаарах зэрэг энгийн наад захын зүйлсийг маш сайн судалж байгаарай гэж хэлмээр санагддаг.