С.Лүндэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн “байгалиа хайрлах” уриалга дэлхийн удирдагчдын дэмжлэгийг авч чадсан /ВИДЕО/

С.Лүндэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн “байгалиа хайрлах” уриалга дэлхийн удирдагчдын дэмжлэгийг авч чадсан /ВИДЕО/

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”, “Үндэсний хүнсний хувьсгал” зэрэг хөдөлгөөнүүд дэлхийн түвшинд яригдах болсныг манай улсад айлчилж буй дэлхийн томоохон улс үндэстний төлөөллүүдийн Монгол Улстай хийж буй гэрээ хэлцлээс тодхон харж болохоор байна. Уг хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр дотооддоо ч олон өөрчлөлт, шинэчлэлт, дэвшлийг авч ирснийг иргэд харж байгаа биз ээ. Ерөнхийлөгчийн санаачилсан эдгээр ажилд манлайлан ажилладаг хүмүүс бол түүний зөвлөхүүд яахын аргагүй мөн. Иймд бид “ШУГАМ” нэвтрүүлгийнхээ 30 дахь дугаарт Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэгийг урьж оролцууллаа.

Түүний хувьд Төрийн шагналт, Ардын уран зохиол Ш.Сүрэнжавын зээ хүү бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажилладаг нэгэн. Түүнтэй бид “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон өвөөгийнх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

ВИДЕО:

-Таныг Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны зээ хүү гэж сонссон. Ш.Сүрэнжав агсны гэр бүлд өссөн гэхээр нэг зүйл сонирхол татаад байгаа юм. Таны хувьд их хэл бичиг, соёлын орчинд өсчээ. Энэ хүнээс танд үлдсэн захиас, сургаал, зарчим юу байдаг вэ?

-Миний хувьд гадагшаа сургуульд явтлаа өвөө эмээ дээрээ өссөн. Манай өвөө Төв аймгийн Сэргэлэн сумын хүн. Би чинь таван нас хүрээгүй байхдаа уншиж сураад цэцэрлэгийнхээ хүүхдүүдэд үлгэр уншиж өгдөг байлаа. Манай өвөөгийн номоо хадгалдаг ганц бор шкаф байсан юм. Тэрэнд гар хүрэх эрхтэй хүн нь би л байсан даа. “Монголоо алдсан” гэдэг үгийг л өвөө маань их хэлдэг байсан. Монгол монголоороо байх ёстой гэлдэг зарчмыг өвөөгөөсөө сурсан. Мөн ном уншдагтай маань холбоотойгоор монгол хэлний яруу тансаг гэдэг зүйлийг их сайн ойлгуулах гэж хичээдэг байсан. Ерөнхийлөгчийн хэлэх үгэн дээр суудаг зөвлөхүүд байдаг. Тэднийг  “Уран үгсийн чуулган” гэж нэрлэдэг. Өөрөөр “Мэргэдийн хөндий” ч гэдэг. Үүнд өвөөгийн маань надад үлдээсэн эрдэм их холбоотой санагддаг.

-Таныг Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэдгээр нь сайн мэднэ. Ер нь анх яаж ерөнхийлөгчийн зөвлөх болж байв?

-2009 онд У.Хүрэлсүх дарга намын ерөнхий нарийн бичиг байхдаа намын төв аппаратыг шинэ залуу боловсон хүчээр сэлбэж, улс төрийн багаа бүрдүүлье гэдэг бодлого бариад сонгон шалгаруулалт явуулж байсан юм. Түүнд нь тэнцээд удирдах зөвлөлд улс төрийн ажилтнаар орж байлаа. Тэр цагаас хойш л У.Хүрэлсүх даргатай хамт ажиллаж байна даа.

Дарга маань Ерөнхийлөгчөөр сонгогдоод зөвлөхүүдээ салбар салбарын төлөөллүүдээс сонгосон. Тэр хүмүүс салбартаа л гэхээс төрийн ажил огт мэдэхгүй хүмүүс байсан учраас намайг төрийн ажил арай мэддэгээрээ төрийн ажил яаж явдгийг зааж сургаж ажиллана шүү гэдэг байдлаар ахлах зөвлөх болгосон.

-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индер дээрээс “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг зарласан. Түүнээс өмнө Монгол Улсын ойн сан нь ч нэлээд ээдрээтэй байсан гэж хардаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” аян зарлагдсанаар Ойн санд ямар эерэг нөлөө үзүүлсэн бэ?

-Зөвхөн мод үржүүлгийн газар гэхэд хөдөлгөөн эхэлснээс хойш 30-аад хувиар нэмэгдсэн. Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд гэхэд 62.4 сая тарьц, суулгац нөөцөнд байна. Анх энэ хөдөлгөөн эхлэхэд 3 сая гаруй л байсан. 2030 он хүртэл тэрбумаар тоологдох мод тарина гэж анх эхэлсэн ч цаашид тэрбум гэдэг тоо ч багадна. НҮБ-ын индер дээрээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улс манлайлж уриалга гаргая гэдэг санаагаар анх Ерөнхийлөгчийн НҮБ-ын үгэн дээр сууж байхдаа ярилцаад тухайн үед баахан тоо ярьсан юм. Манай урд хөрш гэхэд л бараг 20-оод жил мод тарьсан. Энэ мэт дэлхийн туршлагуудыг харахад 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж болох юм байна гэдэг тооцоо гарсан юм. Иймд НҮБ-ын илтгэл дээр Ерөнхийлөгч дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд Монгол Улсад тэрбумаар тоологдох мод тарина гэж амлалт өгсөн. Улмаар Монголчууд шууд тэрбум гэдэг тоог нь аваад “тэрбум мод” аяныг эхлүүлж байлаа. Гэхдээ энд зөвхөн мод тарих бус байгаль хамгаалах асар том бодлого явж байгаа. Өнгөрсөн жил гэхэд л ой модыг хортон шавьжнаас хамгаалах зорилгоор 900 гаруй сая модыг хамгаалж чадсан. Мөн усны асуудлыг ч бодлогоор зохицуулж байгаа.

-Одоо гол нь тэрбум мод тарих хөтөлбөрт ААН болон иргэд хамтраад ажиллах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зарлигийг гаргахаас өмнө мод Монголд үнэгүй байсан. Энэ зарлигаас хойш модны ахуй ч хөл дээрээ боссон. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний аюулгүй байдалтай холбоотой хөдөлгөөн зарлачихлаа. Үүнийг хоёр талтай гэж хараад байгаа юм. Энэ ер нь ажлын байрыг хангах зорилготой юм уу. Эсвэл үйлдвэрлэгчдийг дэмжих бодлоготой холбоотой юм болов уу?

-Бодлого гарсан түүх их сонин. НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн зорилт гэж бий. Монгол Улс үүнд нэгдэж орсон. Гэтэл алдарт ковид гарлаа. Манай улс ч хилээ хаах тогтоол гаргасан. Хилээ хаах шийдвэр гаргаад дотооддоо хэрэглээгээ хэрхэн хангаж чадах талаар тооцож үзэхэд 3 сарын л нөөц байсан. Монголчууд 30-аад нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гэтэл тэдгээр нь бүгд л гадаадаас орж ирсэн.

Бид өөрсдөө үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон. Наад захын 19 нэр төрлийн бараагаа ядаж дотооддоо үйлдвэрлэдэг болохгүй бол гадаад зах зээлд юу ч болж болохоор байсан тул маш яаралтай таван жилийн төлөвлөгөө боловсруулаад 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээ 100 хувь дотооддоо хангадаг болох зорилго тавьж энэ ажил эхэлсэн.

Мэдээж цаад утгаараа ажлын байр нэмэгдэж, баялаг бүтээгчдийг дэмжинэ шүү дээ. Өнгөрсөн онд гэхэд л 11 нэр төрлийн шинэ үйлдвэр байгуулагдлаа. Энэ бол ардчилал гарснаас хойш байгаагүй тоо. Хүнсний хувьгалын хүрээнд төмсийг дотооддоо 100 хувь хангадаг болсон. Өнгөрсөн жил хүнсний хангамжийн 85 орчим хувийг дотооддоо хангасан шүү дээ.

-2021 оноос хойш Монгол Улсын гадаад айлчлал үнэхээр амжилттай байна. Үүн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн баримталж буй гадаад бодлого сайн байна гэж харж байгаа. Монголд айлчилж буй ихэнх төлөөлөгчид “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” хөдөлгөөн гэх хоёр асуудалд дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдэж байгаа шүү дээ. Энэ айлчлалууд дээрх хоёр хөтөлбөрт эерэг нөлөө хэр үзүүлж байгаа вэ?

-Төрийн өндөр дээд айлчлал маш том үр дүн гаргадаг. Айлчлалын хүрээнд дор хаяж 10 орчим томоохон төсөлд хамтран ажиллах хэлэлцээр байгуулдаг. Өмнө нь том гүрнүүд л биендээ уриалга гаргаж дэмжлэг авдаг байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч “байгаль хамгаалах” уриалга гаргаж, дэлхийн удирдагчдад хүргэж чадсан. Дараа дараагийн олон улсын хурлууд дээр өөр улсын Ерөнхийлөгч ч манай улсын Ерөнхийлөгчтэй таарахдаа уг санаачилгыг дэмжиж байгаа тул улсдаа тийм хэмжээний мод тарихаар болж байгаа шүү гэдэг болсон. Энэ чиглэлээр манай улсын ерөнхийлөгч олон улсын түвшинд нэлээд алдартай болсон шүү. Энэ бол олон улсын тавцанд манай улсын байр суурь өндөр болж байгаагийн шинж. Мөн олон улсын төрийн томоохон айлчлалууд болж байгаа нь гадаадад манай улсын нэр хүнд ямар байгааг илтгэж байгаа юм.

-Урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө