ЭМЯ: Зорчигчдийн эрүүл мэндээс гадна ачаа тээшний халдваргүй байдалд анхааран ажиллаж байна

ЭМЯ: Зорчигчдийн эрүүл мэндээс гадна ачаа тээшний халдваргүй байдалд анхааран ажиллаж байна

Өнөөдөр ЭМЯ коронавирусын одоогийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх зорилгоор авж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. БНХАУ-ын ЭМЯ-аас мэдээлснээр өнөөдрийн байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 20438 хүрч, 426 хүн нас бараад байна. Нас баралт хоёр хувьтай, бусад 23 улс оронд вирусийн халдвар илэрсэн хэвээрээ байна.

ДЭМБ-ийн ложистик хангамжийн баг нь хувийн хамгаалах хэрэгслийн хэрэгцээ тооцоог судлан улс орнуудад нийлүүлж эхэлсэн байна. Мөн Гадаад харилцааны яамны зүгээс хилийн чанадад буй бүх монгол улсын иргэдэд коронавирусээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна. Одоогоор эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ анхааран ажиллаж байгаа бөгөөд гадаадад буй иргэдийг тус улсынхаа консулын газарт заавал бүртгүүлж байхыг анхаарууллаа.

Хилийн мэргэжлийн хяналтын ахлах байцаагч Т.Төмөрбаатар мэдээлэхдээ ”Нийтдээ бүх боомтуудаар 64 сэжигтэй тохиодол илрүүлснээс шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Нийт 13 хилийн боомтоор үйл ажиллагаа явуулдагаас таван боомт хаагдсан. Ингэснээр зорчигчдын хөдөлгөөн хязгаарлагдаж, хяналт тавихад хялбар болсон . Бид зорчигчдийн эрүүл мэндээс гадна тэдний ачаа тээшийг халдваргүйжүүлэн ажиллахад гол анхаарлаа хандуулж байна. Мөн далайн гаралтай хоол хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлаж байгаа” гэсэн юм.  

Нэгдүгээр сарын 28-аас хойш нийт 5200 орчим иргэн өөрсдийн хүсэлтээр эх орондоо ирээд байгаа юм байна.