Сонгуулийн сурталчилгаанд хөлөглөж буй нисдэг тэрэг, онгоцны 1 цагийн нислэгийн үнэ 2000-3000 ам.долларын үнэтэй байна

Сонгуулийн сурталчилгаанд хөлөглөж буй нисдэг тэрэг, онгоцны 1 цагийн нислэгийн үнэ 2000-3000 ам.долларын үнэтэй байна

УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа энэ сарын 10-ны өдрөөс улс орон даяар албан ёсоор эхэлсэн. Энэ удаагийн сонгуулийг бүсчилсэн том тойрогт явуулж буйгаараа онцлогтой. Тиймээс хөдөө орон нутагт нэр дэвшигчид иргэдтэй уулзахын тулд олон аймаг, сумдад богино хугацаанд ажиллах шаардлага үүсээд буй.

-ЭНЭ ЖИЛ СОНГУУЛИЙГ ТОМСГОСОН ТОЙРГООР ЯВУУЛЖ БУЙТАЙ ХОЛБОГДУУЛАН НЭР ДЭВШИГЧИД ЦАГ ХУГАЦАА ХЭМНЭХИЙН ТУЛД НИСДЭГ ТЭРЭГ ИХЭЭР ТҮРЭЭСЛЭХ БОЛЖЭЭ-

Өмнө нь жижиг мажоритар системээр сонгуулийг явуулдаг байхад нэр дэвшигч нэг аймгийн бүх сумдыг автомашинаар туулж болдог байсан бол одоо боломжгүй болсон. Ганц жишээ нь, баруун бүс УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрог Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшигчид л гэхэд нийт 78 суманд 18 хоногт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзана гэдэг хүндрэлтэй. Тиймээс тус бүсэд нэр дэвшиж буй нэг намын 9 нэр дэвшигч хуваагдан аймаг, сумдад ажиллаж буй. Мөн Монгол орны нийт газар нутгийн 40 хувийг эзлэх говийн бүс 7 дугаар тойрог Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь нь нийлээд 46 сумтай.

Тиймээс энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид өргөн уудам газар нутгийг богино хугацаанд туулж хүн бүрт хүрч ажиллахын тулд нисдэг тэргийг түлхүү ашиглаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагаас эхлээд нисдэг тэрэг түрээслэсэн. Харин энэ удаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр нар нисдэг тэрэг түрээслэн сонгуулийн сурталчилгааны ажлаа амжуулж байна.

Тэдний хувьд одоогоор зүүн аймгуудад ажиллаж буй бол цаашид намаа төлөөлж 21 аймагт очиж ажиллах юм. Мөн говийн бүсэд нэр дэвшигчид онгоц ашиглан уулзалтаа зохион байгуулж байгаа гэх мэдээлэл бий. Тухайлбал, нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нарын ашиглаж буй нисдэг тэрэг болон холбогдох бүхий л зардлыг Монголд шатахуун найруулдаг гэх “Тарафигура” компани гаргасан байж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.  Тэгвэл бид нэр дэвшигчдийн хөлсөлсөн нисдэг тэрэгний үйлчилгээний тарифын үнийн мэдээллийг хүргэж байна. Манай улсад нисдэг тэрэгний түрээсийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй нийт дөрвөн компани байдаг байна.  Эдгээр компаниуд нь шуурхай үед иргэн, аж ахуй нэгжүүдэд онгоцоо түрээслүүлж, мөнгө олдог аж.

-МАНАЙ УЛСАД НИСДЭГ ТЭРЭГНИЙ ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ДӨРВӨН КОМПАНИ БАЙДАГ БА СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЗАХИАЛГА ИХТЭЙ БАЙГАА АЖ-

Танилцуулахад,  “Геосан” ХХК нь зорчигч, ачаа тээвэрлэлт, захиалгат нислэг, агаараас зураг авах, дадлага сургалтын нислэг, геофизикийн судалгааны нислэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 12 хүний суудал бүхий “Cessna-208B” маркийн нисдэг тэргийг ашигладаг. “Тэнгэрийн Улаач Шинэ” ХХК нь зорчигч, ачаа тээвэрлэлт, геофизикийн судалгааны нислэг,  захиалгат нислэг, дадлага сургалтын нислэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 9 хүний суудал бүхий “Cessna-208B” маркийн нисдэг тэргийг ашигладаг байна.

“А-Жет Авиэйшн” ХХК нь зорчигч, ачаа тээвэрлэлт, дадлага сургалтын нислэгийн чиглэлээр 8 хүний суудалтай “Airbus Helicopter” нисдэг тэрэг ашигладаг. “Альфа Аврора Эвиэйшн” ХХК ньзорчигч, ачаа тээвэр, захиалгат нислэг, дадлага, сургалтын нислэг, дүүжин ачаа тээвэрлэх чиглэлээр нийт 6-8 хүний  “Airbus Helicopter” нисдэг тэрэг тус тус ашигладаг байна.

Эдгээр компаниудын нисдэг тэрэгний үнэ тариф нь дунджаар цагийн 2000 ам.доллар буюу 6 сая гаруй төгрөг байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан захиалга ихтэй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаа зарим компаниуд захиалга ихтэй байгаа тул үнээ цагийн 3000 долларт ч хүргээд байгаа гэх.

Харин хувь хүний түрээсэлдэг гэх “LMS-901” загварын онгоц нь дунджаар цагийн 3000 долларын үнэтэй аж. Та бүхэн санаж байвал энэ онгоцыг өмнө нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дарга З.Энхболд нар сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж байсан. Харин сүүлд баруун бүс буюу Говь-Алтай, Ховд-Увс, Завханы тойрогт горилогч УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг сонгуулийн ажилдаа тус онгоцыг ашиглан иргэд сонгогчидтой уулзаж байсан юм. “LMS-901” загварын онгоцны хувьд Ан-2 онгоцыг орлуулахаар бүтээгдсэн, нэг турбо хөдөлгүүртэй, 9-12 зорчигчийн багтаамжтай аж.