Монгол иргэд “Эмнэлгийн хэрэгсэл”-ийг БНХАУ-ын элчин сайдын яаманд хүлээлгэж өглөө

Монгол иргэд “Эмнэлгийн хэрэгсэл”-ийг БНХАУ-ын элчин сайдын яаманд хүлээлгэж өглөө

БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын соёл урлаг, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид БНХАУ-д өөрсдийн зүгээс нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийг хандивлаж, өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүлээлгэж өглөө.

Энэхүү арга хэмжээг 2019 онд Төвөдөд айлчилсан Монгол Улсын соёл, урлаг аялал жуулчлалын багийн төлөөлөгч нар зохион байгуулж байгаа бөгөөд тэд 2 мянган ширхэг бээлий, 1,5 мянган амны хаалт зэрэг нийт 3 мянга орчим ам.долларын өртөг бүхий нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл цуглуулжээ.

Энэ үеэр Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын Ухань хотод албан ёсны тусламж үзүүлэхээ амласнаас гадна энгийн иргэд бид ч гэсэн бага ч болов сэтгэлийн хандив цуглууллаа. Энэхүү хандив маань Элчин сайдын яамаар дамжин БНХАУ болон Монгол Улсын хилийн боомт дээр ажиллаж байгаа албан хаагчдад хүрээсэй гэж хүсэж байна" гэсэн юм.

Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэсэн Монголын сайхан зүйр цэцэн үгийн адилаар Хятадын ард түмнийг зовох цагт Монголын ард түмэн өөрсдийн сайхан сэтгэлийн үүднээс элэгсэг, дотноор хандаж байгаад БНХАУ-ын Засгийн газрын болоод Хятадын иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.