Б.Мягмардорж: МАН төрийн албан хаагчдыг санал өгөх хүн гэж хардаг болохоос цалин, үнэлэмжийг нь сонгууль дөхөхөөр л санадаг

Б.Мягмардорж: МАН төрийн албан хаагчдыг санал өгөх хүн гэж хардаг болохоос цалин, үнэлэмжийг нь сонгууль дөхөхөөр л санадаг

УИХ-ын сонгуульд Эрх чөлөөний эвсэл намаас жагсаалтад нэр дэвшигч Б.Мягмардоржтой бид ярилцлаа. Тэнгэр телевизээс сонгуульд оролцож буй нам, эвслүүдийн дунд цуврал мэтгэлцээнийг зохион байгуулж буй. Энэ хүрээнд саяхан “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ” гэх сэдэв дор талуудыг мэтгэлцүүлсэн. Уг сэдвээр эрх баригч МАН-ын төлөөлөл, тус намаас жагсаалтын 7-д нэр дэвшсэн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай мэтгэлцэж, хэлсэн үндэслэл, шаардлагыг нь эрс няцааснаараа Б.Мягмардорж олон нийтээс ихээхэн дэмжлэг авсан юм.

ВИДЕО:

-ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ БУЮУ АЖИЛТАЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ТОО 2015 ОНД 56,9 ХУВЬ БАЙСАН БОЛ 2023 ОНД 54.5 БОЛЖ 1,6 ХУВИАР БУУРСАН БАЙНА -

-“Тэнгэр” телевизээс зохион байгуулсан мэтгэлцээнд таны оролцсон дугаар олон нийтэд хүрч, “Эрх баригч намын оролцогчийг 5:0 болголоо” гэсэн тайлбартайгаар цахим орчинд түглээ. Тус нэвтрүүлгийн онцолсон монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх дээр таны хэлсэн шүүмжлэл, гарц, гаргалгаа илүү бодитой учраас хүмүүс их дэмжих шиг болсон. Эрх баригч намд монгол хүний үнэлэмжийг шийдэх бодит шийдэл байгаагүй нь тодорхой болсон. Үүн дээр та бүхний шийдэл юу байгаа вэ?

-Тус мэтгэлцээнд МАН-ыг төлөөлж оролцсон С.Эрдэнэбат нь бүхэл бүтэн 200 гаруй мянган гишүүнтэй, МҮЭХ-ны ерөнхийлөгч. 230 мянган ажилчны эрх ашгийг ажил олгогч, Засгийн газрын өмнө төлөөлөөд явж байх ёстой хүн эрх баригч намаас жагсаалтад нэр дэвшээд УИХ-ын гишүүн болохоор явж буй ёс зүйгүй үйлдэл гэдгийг юун  түрүүнд хэлмээр байна. Үүгээрээ энэ хүн МҮЭХ-ны дүрмэндээ харшилсан үйлдэл гаргаж байгаа гэдгийг мөн хэлье. Цаашлаад бүтэн улсын үйлдвэрчний эвлэлийг тэргүүлж буй хүн бай хөдөлмөрийн үнэлэмжийг цалин хөлсөөр төлөөлүүлж яриад байсан нь маш харамсалтай. Учир нь тус мэтгэлцээнээр хөдөлмөрийн хөлсний үнэлгээ биш хөдөлмөрийн үнэлэмж ярьсан шүү дээ. Хөдөлмөрийн үнэлэмжид цалин хөлс буюу мөнгөөр үнэлэгдэх үзүүлэлт орно. Гэхдээ үүн дээр нэмэгдээд нийгмийн талаас нь тухайн хүний ажил хөдөлмөр нь нийгэмдээ хэрхэн үнэлэгддэг юм, хүний эрх талаасаа хөдөлмөр эрхэлж буй хүмүүс ажлын байрандаа эсвэл ажил мэргэжлээсээ болоод ялгаварлан гадуурхагдаж байна уу гэх мэт олон асуудал багтдаг. Цаашлаад өндөр цалинтай байсан ч хүний эрхэм чанар, нэр төртэй байхад нийцээгүй ажлын орчинтой байвал хөдөлмөрийн үнэлэмж дээгүүр гэж үзэхгүй. Монгол Улсад хөдөлмөрийн үнэлэмж маш доогуур байдаг. Цалин хөлс бага, нийгэм, эдийн засгийн, нийгэмдээ эзлэх байр суурийн хувьд бүгд доогуур. Учир нь монгол хүнд хөдөлмөрийн үнэлэмж битгий хэл хүний үнэлэмж ч алга. Яагаад гэвэл МАН сонгуулиар л хүмүүсээ санал өгөх хүн гэж хараал бусад үед огт санадаггүй. Харин манай намын хувьд төр нь хувь хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүй, хууль зөрчиж хязгаарлаж зөрчихгүй байх ёстой гэсэн байр суурьтай. Төр өөрөө хязгаарлагдмал байгаад хүний эрх, эрх чөлөөг хуулиар үндэслэлтэйгээс бусад тохиолдолд хэн ч хязгаарлаж болохгүй. 

-МАН-ын оролцогч, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нь өнгөрсөн хугацаанд ажилчны нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар нэмэгдэж байхад сөрж дуугарч байгаагүй мөртлөө мэтгцэлээний үеэр “МАН цалин нэмсэн. Хөдөлмөрийн үнэлэмж сайн байгаа” гэж яриад байсан. Үүнд та нэлээн шүүмжлэлтэй байр суурьтай байх шиг байна лээ?

-МАН-ын нэр нэр дэвшигч нь “МАН эрх барих хугацаандаа цалин нэмсэн. Итгэхгүй бол И Монголиа руу ороод хар” гээд бухимдаад байсан. Жишээ нь би И Монголиа руу орж харвал миний л цалин харагдана. Миний цалин бол хувийн байгууллагынх. Тэнд төр ямар хамаатай юм. Хувийн байгууллага нь ажилчнаа үнэлээд жил бүр цалингаа инфляцитай уялдуулж нэмлэг. МАН 2020 оны мөрийн хөтөлбөртөө цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлнэ гэж тусгасан байсан.

Гэтэл төрийн албан хаагчдын цалин инфляцитай уялдуулж нэмэгддэггүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Эмч нар хүртэл жагссан. Төрийн албан хаагчдын сонгууль дөхөхөөр л нэмэгддэг.

Статистик харахад хувийн байгууллагын цалин л инфляцитай уялдаж нэмэгдсэн байна. Энэ нь МАН-ын буян биш бизнес эрхлэгчдийн үр шим юм. МАН дарамталдаг хувийн байгууллагуудынхаа үр ашгийг өөрсдөдөө наах гэж үзэж байгаа нэг жишээ энэ юм. Нөгөөтэйгүүр хөдөлмөр эрхлэх насны 90 ээс дээш хоногоор гадаад улсад зорчсон хүмүүсийн тоо ихээр нэмэгдсэн гэдгийг мэтгэлцээний үеэр би хэлсэн. Ажилгүйдлийн түвшин буураагүй, цалин хөлс ч нэмэгдээгүй. Үүнийг би статистикаар хэлж болно.

-Танилцуулбал?

-МАН нь 2021-2022 оны ажилгүйдлийн түвшинг харуулсан статистикаар “Бид ажилгүйдлийн түвшинг бууруулсан” гэж тайлбарлаад байна. Гэтэл энэ нь өөрөө их учиртай.

2015 оны ажилгүйдлийн түвшинг 2022 оныхтой харьцуулбал 0,8 хувиар л буурсан байгаа юм. Ажил хийх боломжтой боловч ажилгүй байгаа хүмүүсийн тоо гэсэн үг. Нөгөө талаасаа хөдөлмөр эрхлэгч буюу ажилтай байгаа хүмүүсийн тоо 2015 онд 56,9 хувь байсан бол 2023 онд 54.5 болсон. 1,6 хувиар буурсан байна. Хөдөлмөр эрхлэх насны ажил хийх боломжтой хүмүүс мянга мянгаараа гадагшаа яваад байна. 2015 онд 19,7 мянган байсан бол 2023 онд 69,2 мянган болж нэмэгдсэн байна. 

Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн түвшин буурсан нь МАН иргэдийг ажилтай, орлоготой болгоод байгаа юм биш. Өөр маш олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь ажил хийх боломжтой иргэд амьдралаа хөөгөөд гадагшаа яваа нь юм.

-МАНАЙХААС ӨӨР МИЙМД ЯЛ ӨГСӨН УЛС ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙ. У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.НЯМБААТАР НАР ХАМГИЙН ИХ ГОМДДОГ НЬ СУДАЛГААГААР БАТЛАГДСАН-

- Одоо бол сонгууль болж байна. Нэг нам дангаараа эрх барьсан найман жилийг бид үдлээ. Дахиад МАН ялалт байгуулбал улс орны тусгаар тогтнолд ч аюултай нөхцөл байдал үүсч мэдэх талаар судлаачид хэлдэг. Тэгэхээр энэ сонгуулиар олон намын тогтолцоо бий болж нэг нэгэндээ хяналт тавиасай гэдэг хүсэл иргэдэд байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Би санал нийлж байна. МАН үнэмлэхүй олонхоор найман жил дараалж Засгийн эрх мэдлийг барилаа. Мөн хууль тогтоох, засаглах эрх мэдлийг ч авсан. 2021 оноос хойш тус намын хүн хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. АН, ХҮН намын цөөн төлөөлөл УИХ-д бий ч шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх боломжгүй байна. МАН хүссэн бүх шийдвэрээ гаргаад явсныг өнгөрсөн хугацаанд бид харлаа. Ийм байж болохгүй гэдгийг илэрхийлэх нэг жишээ хэлэхэд, 2020 оны наймдугаар сард МАН Үндсэн хуулинд ганцхан өдрийн дотор өөрчлөлт оруулсан. Маш гайхалтай. Энгийн биш Үндсэн хууль шүү дээ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт , өөрчлөлтийг оруулах гэж маш олон жил, сараар мэтгэлцэж, ярилцсан. Гэтэл үүнийг ганцхан өдрийн дотор өөрчилчихсөн. Ингэхдээ ганц оруулсан ололттой заалт буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахыг хязгаарласан заалтыг бидний хэлж заншсанаар “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хассан.

Энэ бол ухралт. Хэрвээ бид нар олон намын тогтолцоотой, хяналттай байсан бол үүн дээр сөрөх, завсарлага авах, завсарлага авсан хугацаандаа иргэддээ ойлгуулах зэрэг арга хэмжээг авах байсан.

- Өнгөрсөн хугацаанд иргэн, аж, ахуй нэгж хувийн хэвшлийн эрх чөлөөг зөрчсөн. хуулийн хулгайг гааруулж, давхар стандартаар даварсан, тэгш бус байдлыг дэлгэрүүлсэн. Ядаж л “Нүүрс”, “ЖДҮ”, “Хөгжлийн банк”-ны хулгайг санах хэрэгтэй. Үнэхээр бидэнд өөрчлөлт хэрэгтэйг хүмүүс мэдэрч эхэлсэн. Үүнд иргэд тэр дундаа залуусын оролцоо ямар байгаасай гэж та хүсч байна.

- Өнгөрсөн найман жилд яаж амьдар ваа. Сайхан тайван үзэл бодлоо илэрхийлээд байж байтал цагдаа ирээд нэг нь чирээд нөгөө нь өшиглөөд явдаг. Интернэт орчинд хошин байдлаар үзлээ бодлоо илэрхийлдэг мийм гэж зүйл бий. 2023 онд нэг залуу Ерөнхийлөгчийн зурагтай миймээр үзэл бодлоо илэрхийлсэн чинь Эрүүгийн ялаар шийтгэсэн. Хүмүүс “Ерөнхийлөгч нь ганц миймд гомдлоо. Орчин үед залуусын үзэл бодлоо илэрхийлдэг ганц зүйл нь шүү дээ” гэж шүүмжлэхээр Ерөнхийлөгчийн тамгын газраас “Манайхтай хамаагүй” гэж тайлбарладаг. Гэтэл холбогдох хуулийн шүүхийн шийдвэр, яллах тогтоолыг нь хараад гомдол гаргасан хүнийх нь нэрийг харахаар Ерөнхийлөгчийн тамгын газрын ахлах референт ажилтай хүн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхийлөгч хамаагүй гэдэг нь худлаа байгаа юм. Энэ мэтчилэн мийм хийгээд ял авдаг болчихсон. Манайхаас өөр мийм хийсэн хүнд ял өгсөн улс дэлхийд байхгүй. Нээлттэй нийгэм форумын 2021 оны судалгаагаар Х.Нямбаатар, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэдэг гурван хүнтэй холбоотой худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг үүсгэж, ял өгсөн тохиолдол маш олон тохиолдол байгаа нь тодорхой болсон. Цагдаагийн байгууллага нь бидэнд “Фэйсбүүкт оруулсан пост болгоны араас хөөцөлдвөл бид яаж ажлаа барах юм” гэж тайлбар өгдөг мөртлөө дарга нарыгаа гомдохоор пост болгоных нь араас хөөцөлддөг. Энэ бол ялгавартай байдлыг бий болгоод байна. Хувь хүн гомдол гаргавал пост бүрийн араас явахгүй гэдэг мөртлөө дарга нар гомдол гаргавал нэр нь дурдагдсан пост бүрийн араас ажиллаж байна.

Санал өгөх насны 2,2 сая иргэн байна. Үүнээс 26-45 насныхан нийлээд ойролцоогоор 48 хувийг эзэлдэг. Тэгэхээр энэ насныхан бүгдээрээ саналаа өгчхөд сонгуулийн ирц хувь нь бараг хүрчих гээд байна. Үүн дээр 18-25 насныхан ч багагүй хувийг эзэлж байна. Энэ гурван насныхан сонгуулиа өгч л оролцох ёстой. Хяналтгүй болчихлоо. Бид нар оролцох ёстой. Хуульч хүнийхээ хувьд хэлэхэд өнгөрсөн жилүүдэд хуулийн хүрээнд хяналтаа тавьж, шаардлагаа хүргүүлж ирсэн. Гэтэл МАН хуулийг тоохгүй байна. Энэ хамгийн аймар. Захиргааны байгууллага нь иргэн миний амьдралд шууд нөлөөлөх шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулах ёстой. Үүний дараа шийдвэр гаргах ёстой. Гэтэл иргэнтэй холбоотой бүх шийдвэрийг нэн яаралтай гэдгээр огт сонсохгүйгээр шийдвэр гаргаж ирлээ.

Бид нарыг огт сонсдоггүй. Тиймээс боломж олдсон дээр нь дотор нь орж сонсгое гэдэг зориг гаргаад явж байна.