Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг бүрэлгэсэн хэрэг нь МАН-ыг шат, шатандаа давхар, давхар ёс суртахуунгүй гэдгийг харуулав

Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг бүрэлгэсэн хэрэг нь МАН-ыг шат, шатандаа давхар, давхар ёс суртахуунгүй гэдгийг харуулав

Энэ долоо хоногт олны анхаарлын төвд байсан Г.Сайханбаяр нь улс төрч, төрийн захиргааны удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, төрийн удирдлагын менежер, стратеги-тактик, команд штабын мэргэжилтэй. Төрийн удирдлага, цэргийн ухааны магистр зэрэгтэй. 2014-2020 оны 7 дугаар сар хүртэл БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 4 дүгээр захирамжаар Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байна. 

-ЯАГААД Г.ЗАНДАНШАТАР БИШ Г.САЙХАНБАЯР ГЭЖ...-

Улс төрд түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сайн найз гэж ярьдаг. Тэрбээр Архангай аймагт нэр дэвшихээр аль 2022 оноос тордож, нэр дэвших бэлтгэлээ базааж байлаа. Тодруулбал, тэрбээр эрх мэдлийнхээ хүрээнд Барилгын цэргийн ангийг тус аймагт байгуулахаар барилгын суурийг нь тавьж, өнгөрсөн жил болсон 100 жилийн ойн наадмын үеэр цэргийн хамгаалалт гаргах, иргэдтэй тогтмол уулзалт хийх гэх мэтээр Архангайтай эргэх холбоотой хэдэн жил ажилласан. Ингэж хүсч хүсч нэр дэвштэл эцэст нь бүх төлөвлөгөө нь өөрөөс нь шалтгаалалгүй нурсан нь маш их бухимдуулж буй нь түүний сүүлийн хэдэн өдрийн үйлдлээс харагдаж байна. Тодруулбал, энэ сарын 15-16-нд шилжих шөнө Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насанд МАН-ын ухуулагч П.Отгонбаатар гэгч нь халдсан хэрэг гарч үүнээс үүдэн УИХ-ын 1 дүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлагага хүлээлгэж, нэрийг татах шийдвэрийг МАН-ын сонгуулийн төв штабаас гаргасан. Бүр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Сонгуулийн ерөнхий хороонд хүртэл албан бичгээр хандаж, нэрийг татан сонгуулийн сурталчилгааг нь зогсоож буйгаа мэдэгдсэн юм. Гэхдээ юу үнэн. Д.Амарбаясгалан мянган ийм мэдэгдэл гаргасан ч МАН-ын олонхоороо батласан хуулиар Г.Сайханбаярын нэрийг татаж, саналын хуудаснаас хасах боломжгүй зөвхөн тухай нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаагаа зогсоох л боломжтой байгаа юм. МАН өөрөө л нэр дэвшигчийг татах боломжгүй хуулийг батласан. Тийм ч учраас нэр дэвшигч Г.Сайханбаяр нь "Хуулийн хүрээнд нэр татах хоёр л үндэслэл бий. Тодруулбал, нэр дэвшигч нас барсан тохиолдолд болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдол л нэр дэвшигчийн нэрийг татна. Сонгуулийн сурталчилгаандаа үргэлжлүүлэн оролцож, өрсөлдөнө. Эл хэрэгт холбогдсон хүн миний нэр дээр бүртгэгдсэн ухуулагч юм билээ. Түүнээс би тэр хүнтэйт уулзаагүй, танихгүй. Нам л хуваарилсан. Нам ямар нэгэн нэр дэвшигчийг эргүүлэн татах эрх зүйн үндэслэл байхгүй” гэж бардам мэдэгдээд байгаа юм.

Яагаад УИХ-ын дарга Г.Занданшатар биш Г.Сайханбаяр гэж. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойшхи долоо хоногт судалгаа хийж, дүн гаргасан бөгөөд үүгээр ихэнх тойрогт уналттай, нэр дэвшигчид нь гарахаагүй “эвгүй” хариу гарсан байна. Ганцхан жишээ дурдахад, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт л гэхэд Н.Батсүмбэрэл, Д.Цогтбаатар гэх мэт хэд, хэдэн хүн ялагдахаар дүн гарч МАН-ын удирдлагууд сандралджээ. Харин эсрэгээрээ ХҮН намын рейтинг дээшилсэн байсан байна. Яг үүнтэй зэрэгцэн Сант суманд хүн амины харамсалтай хэрэг гарч дайранд давс нэмсэн нь тус намын удирдлагуудыг бүр сандралдуулж, Удирдах зөвлөлөөрөө ч ярилцалгүй Төв штабын дэргэдэх улс төрийн албаараа ярилцаад Г.Сайханбаяр нэр дэвшигчийн нэрийг татах шийдвэрийг гаргасан байдаг. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч хөдөө орон нутаг дахь уулзалтаа орхиж, Улаанбаатарт ирж АН-ын дарга Л.Гантөмөртэй уулзан уучлалт гуйсан. 

-ӨӨРСДӨӨ ХАВАР, ЗУНЖИН С.ЗОРИГ АГСНЫ ҮХЛИЙГ УЛС ТӨРЖҮҮЛСЭН АТЛАА АН-ЫГ ШҮҮМЖЛЭХ НЬ УТГАГҮЙ-

Угтаа хэрэг гардаг оройн Сант сумын уулзалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс зохион байгуулсан. Гэтэл УИХ-ын дарга руу хавьтаж чадахгүй учраас Г.Сайханбаярыг золигт гаргаад явуулав. Үүний цаана ах нараас нэгийг нь мултлах далим ч явав уу гэж хардаж болохоор. Үүнээс гадна тус хэрэгтэй холбоотойгоор МАН-ын байгаа царай, үеийн үед гаргадаг ёс зүйгүй, увайгүй байдлыг эл үйл явдал ил болголоо. Өөрөөр хэлбэл, давхар, давхар ёс суртахууны асуудал.

МАН нь хавар, зунжин аль 26 жилийн өмнө амь насаа алдсан С.Зориг агсны амь насыг улстөржүүлсэн. Гэсэн атлаа АН-ыг дараалж хоёр мэдэгдэл хийсний төлөө “Хүн амины хэргийг улс төржүүллээ, увайгүй байна” зэргээр Д.Амарбаясгалан ч, Г.Сайханбаяр ч мэдэгдсэн нь хэт дээрэлхүү харагдуулж байна.

Цаашлаад ухуулагчийг нам бүртгэж, сургалтад суулгаж эцэст нь нэр дэвшигчдэд хуваарилсан. Тэгэхээр Г.Сайханбаяраас гадна нам ч, намын удирдлагууд ч үүнд хариуцлага хүлээх ёстой. Гэтэл нэг хүнээр туг тахиад өнгөрдөг хэвшсэн үйлдлээ эрх баригч нам энэ удаа мөн гаргав. Г.Сайханбаяр ч хүн ёс, ёс суртахууны хувьд увайгүй загнаж,  эрх мэдлийн төлөө дэндүү улайрав. Эцэст нь эл харамсалтай үйл явдал нь МАН-ыг шат, шатандаа арьсаа хамгаалж, ёс зүйгүй, хүн ёсны хүндлэлгүй гэдгийг харуулав.