П.Дэлгэрнаран: Сүлжээгүй 400 орчим байршилд старлинкийн төхөөрөмж ашиглана

П.Дэлгэрнаран: Сүлжээгүй 400 орчим байршилд старлинкийн төхөөрөмж ашиглана

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт маргааш /2024.06.27/ эхэлнэ. Өнөөдөр битүүмжлэгдсэн саналын хайрцгаар санал авах ажил эхэлсэн. Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр /2024.06.27/ мэдээлэл өглөө.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, “Сонгуулийн санал хураалт маргааш өглөө 7:00 цагаас орон даяар эхэлж, 2198 хэсгийн хороонд санал хураалтын ажил явагдана. Нийт 2 сая 284 мянган сонгогч санал өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн. Сонгуулийн Ерөнхий хороо бүх бэлтгэл ажлаа хангаж маргааш өглөө санал хураалт эхлэхэд бэлэн болсон. Улсын хэмжээнд нийт 25700 орчим төрийн албан хаагчид сонгуулийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа. Мөн 12 мянга орчим цагдаагийн албан хаагчид нийгмийн хэв журмыг сахиулах байдлаар ажиллана. Сонгуулийн сурталчилгаа өчигдөр орой дууссан. Нийт 19 нам, 2 эвслийн 1341 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны ажлаа явууллаа. Үүнээс 61.3 хувь нь эрэгтэйчүүд, 38.7 хувь нь эмэгтэйчүүд байлаа.

Гадаад улсад ажиллаж буй иргэдийн саналыг авч дууссан. Энэ жилийн хувьд саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн тоо хоёр дахин өсөж, 9760 сонгогч саналаа өгсөн. Цахимаар бүртгүүлж, биеэр ирж санал өгөхөөр зохицуулсан тул ийнхүү өссөн гэж үзэж байгаа.

Улаанбаатарт 1 сая 81 мянган сонгогч 513 хэсгийн хороон дээр саналаа өгөх бол 1 сая 143 мянга нь аймаг орон нутгийн хэсгийн хороодод саналаа өгнө. Хуулийн дагуу сонгуулийн автоматжуулсан системийг ашиглана. Мөн сүлжээ байхгүй газруудад старлинкийн төхөөрөмжийг 400 орчим газар ашиглах гэж байна. Түүнчлэн гадаадын 40 орноос 200 гаруй ажиглагчид хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Европын хамтын ажиллагааны байгууллагаас 191 хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн баг ажиллаж, 30 мянган дотоодын ажиглагч ажиллана.