Н.Номтойбаяр: Увсын боомтоор эрүүгийн гэмт хэрэгтэй Тува иргэд орж ирсэн. Тэднийг хэн урьж оруулж ирснийг шалгах хэрэгтэй

Н.Номтойбаяр: Увсын боомтоор эрүүгийн гэмт хэрэгтэй Тува иргэд орж ирсэн. Тэднийг хэн урьж оруулж ирснийг шалгах хэрэгтэй

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2024.06.27/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Сонгууль шударга явагдсангүй. Иргэд сонгогчдын зүгээс иргэдээ хуран мэхэлж, талцуулахаас илүүтэй УИХ-д орж байгаа нам эвслүүд бодлогын мэтгэлцээн хийхийг шаардсан. Харамсалтай нь эрх баригч МАН-ын тэргүүн иргэд сонгогчдын энэхүү шаардлагад хүндэтгэлтэй хандсангүй. Хуулийн байгууллага ялангуяа цагдаагийн байгууллагаас сонгууль эхлэхээс өмнө Үндэсний эвслийн тэргүүн надтай холбогдох хуулийн бичгийг зориудаар гуйвуулж, өөрсдөө хууль зөрчиж, сонгуулийн ерөнхий хороо хасах шийдвэр гаргасан. Мөн МАН-ын даргын гүтгэлэгт худал албан бичигт үндэсэлж, сонгуулийн ерөнхий хороо н.Ганбаатар, н.Баярхүү нарыг хаслаа. Хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхэд хандаж, бид УИХ-ын сонгуулийн батламжаа оройтсон хэдий ч авч чадсан.

Биднийг сонгуулийн үйл ажиллагаандаа анхаарах цаг хугацааны боломжийг огт олгосонгүй. Иргэд сонгогчидтойгоо төлөвлөгөөт ажлын дагуу улзаж чадсангүй.

Хамгийн сүүлийн нэр дэвшигч маань сонгууль дуусахаас 36 цагийн өмнө УИХ-ын сонгуульд өрсөлдөх батламжаа авч байна. Ийм байдлаар хууль хүчний байгууллага зохион байгуулалаттайгаар бидний сонгуулийн үйл ажиллагааг маш ихээр сатаарууллаа. Хамгийн ноцтой нь сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авалгүйгээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар манай Үндэсний эвслийн сонгуулийн төв штабт хууль зөрчин дайран орж, битүүмжилж, сонгуулийн үйл ажиллагааг тэр чигт нь зогсоосон. Сонгууль дуусахаас хоёр хоногийн өмнө сонгуулийн үйл ажиллагаа маань хууль зөрчсөн цагдаагийн үйлдлийн үр дүнд хаагдлаа. Үүнээс үүдэлтэй маш их хохирол гарсан. Үүнийг бид холбогдох хуулийнх нь дагуу шүүхийн байгууллагад хандахаа мэдэгдье.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хамсаатан эрүүгийн хэрэгт холбогдогч З.Энхболд тэргүүтэй эрүүгийн онц ноцтой хэрэгт шийтгүүлж байсан эрүүгийн элементүүдийг зохион байгуулалттайгаар ашиглаж, миний эсрэг маш их гүтгэлэг, хар пиар явууллаа. Энэ нь “Үндэсний эвсэл”-рүү чиглэсэн иргэд, сонгогчдын дэмжлэгийг төөрөгдүүлэх зорилготой. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах “Херо” тодотголтой Баатар тэргүүтэй хүмүүс гардан зохион байгуулсан.

Хэдийгээр өнөөдөр Монголд хуулийн байгууллага нь босоо удирдлагатай, Ерөнхий сайдын шууд удирдлага дор байдаг ч гэсэн энэ сонгуулийн үр дүнд шударга ёсны хэлтэрхий цухуйж, хуулийн байгууллага нь хүний царай харахгүйгээс хууль дээдэлж ажилладаг болно гэж найдаж байгаа.

“Үндэсний эвсэл” сонгуульд оролцохоор болсноос хойш миний утас, албан тасалгаа, явах маршрутыг мөрдөж мөшгөх, чагнах, албан тасалгаанд тусгай төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй үйлдлүүд байгаа. Өнгөрсөн өдрүүдэд ОХУ-аас Увс аймгийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд болох Тува иргэд Монгол Улс руу олноороо орж ирэх болсон. Энийг хэн зохион байгуулж, урьж залж оруулж ирээд байна вэ. Би үүнийг зүгээр нэг гудамжнаас сонсоогүй. Үүнийг хуулийн байгууллагынхан яаралтай шалгах ёстой" гэлээ.