ШУУД: УИХ-ын 2024 оны сонгуулийн санал авах үйл ажиллагаа орон даяар эхэллээ

ШУУД: УИХ-ын 2024 оны сонгуулийн санал авах үйл ажиллагаа орон даяар эхэллээ

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа орон даяар эхэллээ. Санал хураалт өнөөдөр /2024.06.28/ өглөөний 07:00 цагаас оройны 22:00 цагийн хооронд үргэлжилнэ.  Энэ жилийн сонгууль нэлээд онцлогтой байх бөгөөд парламентын 126 гишүүнийг иргэд сонгох юм. Ингэхдээ 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгоно.

УИХ-ын 10 дугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдээс санал авах байр буюу 2-9-1 дүгээр хэсгээс санал хураалтын нээлтийг шууд дамжуулан хүргэж байна. Санал хураалт эхлэхийн өмнө хяналт тавин ажиллаж буй нам, эвслийн төлөөлөгч нарт лацтай саналын хуудас болон санал авах машиныг танилцуулснаар иргэдээс санал авах процесс эхэлсэн юм. Энэ жил өмнөх жилүүдээс илүү олон нэр дэвшигчдийг дугуйлах учраас хугацаа их орно гэж үзээд санал өгөх ширээнүүдийнхээ тоог нэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан брайл үсэгтэй хуудсуудыг ч мөн байршуулсан талаар сонгуулийн санал авах байрны мэргэжилтэн хэлж байсан юм. 

ШУУД ҮЗЭХ:

Энэ жил улсын хэмжээнд 2 сая 284 мянга орчим сонгуульд санал өгөх насны иргэд байгаа ба үүнээс 1 сая 81 мянга нь Улаанбаатарт, 1 сая 143 мянга нь орон нутагт саналаа өгөх юм. Түүнчлэн орон даяар 30 мянга орчим дотоодын нам эвслийн төлөөллийн ажиглагч нар болон гадаадын 40 орноос 200 гаруй ажиглагчид хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Европын хамтын ажиллагааны байгууллагаас 191 хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн баг ажиллаж байна.

Нийт 2198 хэсгийн хороонд санал хураалтын үйл ажиллагаа болох ба 25 мянга гаруй төрийн албан хаагчид сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж, 12 мянга орчим цагдаагийн албан хаагчид нийгмийн хэв журмыг сахиулах байдлаар ажиллана. Түүнчлэн энэ удаагийн сонгуульд 19 нам, 2 эвслийн 1341 нэр дэвшигч сонгуульд нэр дэвшиж байгаа ба үүнээс 61.3 хувь нь эрэгтэйчүүд, 38.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.