Парламентад найман суудал аваад буй ХҮН нам УИХ-д бүлэг байгуулах боломжгүй болжээ

Парламентад найман суудал аваад буй ХҮН нам УИХ-д бүлэг байгуулах боломжгүй болжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр /2024.06.28/ болж өндөрлөлөө. Сонгуулийн урьдчилсан дүн мэдээгээр 13 тойргоос МАН 50 суудал, АН 26, ХҮН нам хоёр суудал аваад байна. Харин улс төрийн намын сонголтоор МАН 500,123, АН 429,456, ХҮН нам 146,665, Үндэсний эвсэл 73,575, Иргэний зориг ногоон нам 71,766 хүний саналыг тус бүр авсан. 

Ингэснээр МАН-ын жагсаалтад бичигдсэн Г.Лувсанжамц тэргүүтэй 18 хүн, АН-ын жагсаалтад бичигдсэн Л.Гантөмөр тэргүүтэй 16 хүн, ХҮН намын жагсаалтын эхэнд бичигдсэн Т.Доржханд тэргүүтэй зургаан хүн, "Үндэсний эвсэл"-ийн жагсаалтад бичигдсэн Н.Номтойбаяр тэргүүтэй дөрвөн хүн, Иргэний зориг ногоон намын жагсаалтын эхэнд бичигдсэн Б.Батбаатар тэргүүтэй дөрвөн хүн УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр болсон гэх урьдчилсан мэдээ гараад байна.

Ингэснээр урьдчилсан байдлаар парламентад МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам найман суудал, "Үндэсний эвсэл" дөрвөн суудал, Иргэний зориг ногоон нам дөрвөн суудалтай болоод байна. 

Тэгвэл өмнө нь мөрдөгдөж байсан "УИХ-ын тухай" хуулиар ээлжит сонгуулиар 8 болон түүнээс дээш суудал авсан нам бүлэг байгуулах эрхтэй байсан нь өөрчлөгдөж 10 ба түүнээс дээш болж өөрчлөгдсөн байна. Тодруулбал, 8 болон түүнээс дээш суудал авсан нам УИХ-д бүлэг байгуулдаг байсан зохицуулалт парламентын 76 гишүүнтэй байх үед үйлчилж байсан бол, энэ тоо 126 гишүүн болж өөрчлөгдсөнөөр 10 ба түүнээс дээш болгон өөрчилжээ. Энэ талаар "УИХ-ын тухай" хуулийн өөрчлөлтийн 29.1-д “Улс Их Хурлын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 10 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно” гэж өөрчлөгдсөн байна. 

Эх сурвалж: Төрийн мэдээлэл

Энэхүү хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар парламентад найман суудал аваад буй ХҮН нам УИХ-д бүлэг байгуулах боломжгүй ажээ. Харин тус сонгуулийн санал хураалтын албан ёсны дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос хараахан зарлаагүй байна. Учир нь сонгогчдын саналыг "санал тоолох машин"-аас гадна 100 хувь хяналтын тооллого хийгдэнэ гэдгийг СЕХ-ноос мэдэгдсэн ба одоогоор хяналтын тооллогын дүн албан ёсоор гараагүй байна.