ШУУРХАЙ: УИХ-ын даргад Ж.Энхбаярын нэр яригдаж байна

ШУУРХАЙ: УИХ-ын даргад Ж.Энхбаярын нэр яригдаж байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр /2024.06.28/ орон даяар явагдаж өндөрлөсөн. Урьдчилсан дүн мэдээгээр парламентад МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам найман суудал, "Үндэсний эвсэл" дөрвөн суудал, Иргэний зориг ногоон нам дөрвөн суудалтай болоод байна.

Өнөөдөр /2024.06.29/ Сонгуулийн ерөнхий хорооноос дүн мэдээг албан ёсоор зарлана гэдгийг эх сурвалж бидэнд мэдээлсэн. Харин УИХ-ын 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшин өрсөлдсөн УИХ-ын дарга Г.Занданшатар ялагдал хүлээж, 2024-2028 оны хугацаанд парламентын гишүүнээр ажиллах боломжгүй болоод байна. 

Мөн ирэх долоо хоногт УИХ-ын 126 гишүүн тангараг өргөж, хууль тогтоох ажилдаа орно гэх мэдээлэл байна.

Иймд 2024-2028 оны хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх парламентыг хэн тэргүүлж, УИХ-ын даргаар ажиллах бол гэдэг нь олон хүний анхаарлыг татаж байна. Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга асан Ж.Энхбаярын нэр УИХ-ын даргад яригдаж байгаа аж. Тэрбээр УИХ-ын 5 дугаар тойрог буюу Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулаад байгаа юм. 

Сонирхуулахад, парламентын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн нээн хуралдуулаг хуультай. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.3-т "Анхдугаар чуулганы хуралдааныг УИХ-ын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасан байдаг. Үүний дагуу 126 гишүүнтэй шинэ парламентын гишүүдээс хамгийн ахмад нь болох Д.Рэгдэл даргалж хуралдуулна гэх мэдээлэл бий. Академич Д.Рэгдэл нь өдгөө 73 настай. Тэрбээр МАН-ын жагсаалтын тавдугаарт бичигдэж УИХ-д сонгогдоод байгаа юм.