Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайдаар Л.Гантөмөр, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Т.Доржханд нар томилогдох уу

Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайдаар Л.Гантөмөр, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Т.Доржханд нар томилогдох уу

Монгол Улс 1992 оны шинэ Үндсэн хуулийг батласнаас хойш анх удаа 126 УИХ-ын гишүүнтэй боллоо. Шинээр сонгогдсон гишүүд өнөөдөр гишүүний үнэмлэхээ гардан авснаар маргааш /2024.07.02/ тангарагаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.

-Д.АМАРБАЯСГАЛАН НЬ НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАА Я.СОДБААТАРТ ӨГӨХ ТОХИРООТОЙГООР УИХ-ЫН ДАРГА БОЛНО-

Үүний өмнө буюу өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдах бөгөөд хуралдаанаар УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилох эсэхийг шийдвэрлэх юм. Эрх баригч МАН дотроо Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг хэвээр үлдээж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилох шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг мөн хэлэлцэж магадгүй тухай мэдээлэл байгаа юм. Д.Амарбаясгалангийн хувьд намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа Ерөнхийлөгчийн найз, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарт өгөх тохироотойгоор УИХ-ын даргаар томилогдох тохироог хийжээ.

Харин нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулах саналыг АН, ХҮН-д тавьсан бөгөөд 20 яамныхаа 40 хувь буюу 8 яамыг АН-д, хоёр яамыг ХҮН-д санал болгожээ. Энэ асуудлаар АН, ХҮН өчигдөр хуралдах тов байсан ч ямар шийдвэр гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ юу үнэн хамтарсан Засгийн газар байгуулах талаар аль жил гаруйн өмнөөс ярьсан бөгөөд сонгуулиас өмнөх тохироо юм. ХҮН-ын дарга Т.Доржханд ч “Бид Засгийн газарт орж ажиллана” хэмээн ярьж явсан нь саяхан. Тиймээс тохироо ёсоор бол хамтарсан Засгийн газрыг асуудалгүй байгуулах нь. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Л.Гантөмөр, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Д.Тогтохсүрэн нарын аль нэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарын аль нэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн сайд Л.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Баттулга, Ж.Бат-Эрдэнэ нарын нэг зэрэг хувилбар одоогоор яригдаж байна.

-ОЛОН НИЙТ: АН 400 ГАРУЙ МЯНГАН ХҮНИЙ ИТГЭЛ ҮНЭМШЛИЙГ
ЭРХ БАРИГЧДАД ЗАРЖ ЗАСАГТ ХАМТАРЧ БОЛОХГҮЙ-

Харин нөгөө талд олон нийтийн зүгээс “Ялсан нам ачаагаа үүрч Засгийн газраа дангаараа бүрдүүлэх ёстой. Харин цөөнх нь хяналтаа тавьж сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх ёстой. Хэрвээ Ардчилсан нам, ХҮН Засгийн газарт орж ажиллавал зөвшилцөл буюу дарангуйлал үүсгэх алхам үүснэ. Ардчилсан нам 400 гаруй мянган хүний итгэлийг авч УИХ-д сонгогдчихоод тэдний үзэл санаа, үнэт зүйлийн эсрэг ажиллаж МАН-тай нь эвсэж болохгүй, сөрөг хүчний ажлаа хангалттай гүйцэтгэх ёстой” хэмээн бухимдаж байна. Гэвч Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Засагт хамтран асуудлаар аль хэдийн яриа, тохироогоо нам дотроо хийсэн гэх.

Үргэлжлүүлэн бүлгийн дарга, байнгын хорооны дарга нарыг сонгоно. Мэдээж сайд болж чадаагүй нь байнгын хороо ахлах юм. Мөн хоёр буюу түүнээс дээш удаа сонгогдсон гишүүд байнгын хороо ахладаг уламжлалтай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар томилгоог энэ долоо хоногт амжиж дуусгах бололтой. 

Бид мэдээллийг шуурхай хүргэх болно.