БАРИМТ: МЛАН тусдаа УИХ-ын сонгуульд оролцсон тул Н.Номтойбаярын "Үндэсний эвсэл" 4 хувийн босго давж, УИХ-д дөрвөн суудалтай болжээ

БАРИМТ: МЛАН тусдаа УИХ-ын сонгуульд оролцсон тул Н.Номтойбаярын "Үндэсний эвсэл" 4 хувийн босго давж, УИХ-д дөрвөн суудалтай болжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнгөрөгч Баасан гараг /2024.06.28/-т болж өндөрлөсөн. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар парламентад МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам найман суудал, Н.Номтойбаярын тэргүүлж буй “Үндэсний эвсэл” дөрвөн суудал аваад буй.

Гэтэл УИХ-ын гишүүн асан Ц.Уянга, “Н.Номтойбаярын эвсэл чинь Монголын ногоон нам /МНН/, Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/, Монголын либерал ардчилсан нам /МЛАН/ гэсэн гурван намын эвсэл. Минийхээр бол босго даваагүй л санагдаад байх юм. Хуулиар гурван намын эвсэл 7 хувь буюу 100.800 хүний санал авах ёстой. Үндэсний эвсэл 73575 санал авсан. Ингэвэл Шинэ эвсэл парламентад орно” гэж мэдэгдсэн юм. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын даалгавраар ийнхүү мэдээлэл хийж байж магадгүй гэх хардах хүн ч олон байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74.2.4-д “гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх” гэж заажээ. Товчхондоо, Н.Номтойбаярын тэргүүлж буй “Үндэсний эвсэл” гурван улс төрийн намаас бүрдсэн бол хуулийн дагуу 7 хувь буюу түүнээс дээш санал авч намын жагсаалтын босгыг давах ёстой байна.

Гэтэл Н.Номтойбаярын тэргүүлж буй “Үндэсний эвсэл” нь Монголын ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам бүрдэж, дундын гэрээ ч байгуулжээ. Харин Монголын либерал ардчилсан нам дангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд оролцож зарим тойргуудад хүмүүсээ нэр дэвшүүлсэн байна.

МЛАН-ын нэр дэвшигч Д.Цэнгэлмаад СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэх олгожээ

Тухайлбал, УИХ-ын 13 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт Монголын либерал ардчилсан намаас Д.Цэнгэлмааг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосон байна. Энэ нь Монголын либерал ардчилсан нам Н.Номтойбаярын “Үндэсний эвсэл”-тэй хамтарч сонгуульд оролцоогүй ба 73575 хүний санал авснаар Н.Номтойбаяр тэргүүтэй тус эвслийн жагсаалтын эхний дөрөвт бичигдсэн хүмүүс УИХ-д орох мандатаа авчээ. Н.Номтойбаярын "Үндэсний эвсэл"-ийн хуульч н.Батхүү өөрийн твиттер хуудастаа МНН, МҮАН-ын хооронд гэрээ байгуулж эвсэл байгуулсан баримтыг нийтэлжээ.