ШХАБ-ын уулзалтаар “Эрчим хүч”-ний асуудлыг голчлон хэлэлцэж үүгээрээ Монгол Улсад шахалт үзүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна

ШХАБ-ын уулзалтаар “Эрчим хүч”-ний асуудлыг голчлон хэлэлцэж үүгээрээ Монгол Улсад шахалт үзүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна

Өнөөдөр /2024.07.02/ УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан болж, 2024-2028 оны хугацаанд бүрэн эрх нь хэрэгжих парламентын 126 гишүүн тангаргаа өргөнө. Харин маргааш /2024.07.03/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 3-4 /2024.07.03-04/ ны өдрүүдэд Казахстан улсын Астана хотод болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор явах юм.

-МОНГОЛ УЛС ШХАБ-Д “АЖИГЛАГЧ”-ИЙН ХУВИАР ОРОЛЦОХОО УДАА ДАРАА МЭДЭГСЭЭР ИРСЭН-

Монгол Улс ШХАБ-д 2004 онд ажиглагч орны статусаар элссэн бөгөөд цаашид ч гишүүн бус ажиглагчийн хувиар оролцохоо удаа дараа мэдэгдсээр ирсэн. ШХАБ-ын үндэс суурийг Орос, Хятад, Казахстан, Киргизстан, Тажикистан улсын удирдагчид тавьсан бөгөөд анх 1996 онд Шанхайд хуралдаж, Орос, Хятадын хилийн тогтвортой байдлыг хангах гэрээнд гарын үсэг зурсанаар “Шанхайн тав” гэх байгууллага бий болсон юм.

Улмаар 2001 онд Узбекистан, 2017 онд Энэтхэг, Пакистан, 2023 онд Иран улс нэгдсэнээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ бий болсон юм. Харин ШХАБ-ын ажиглагч орнуудаар Беларусь, Монгол, Афганистан зэрэг улсууд байдаг бол яриа хэлэлцээний түнш орнуудаар Турк, Азербайжан, Египет, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Катар, Армени, Камбож, Кувейт, Мальдив, Мьянмар, Балба, Шри-Ланка зэрэг улсууд байна.

Харин энэ сарын 3-4-нд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Казахстан, Энэтхэг, Иран, Хятад, Киргизстан, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан, Беларусь, Монгол, Азербайжан, Катар, АНЭУ, Турк, Туркменистан гэсэн 16 орны төр засгийн тэргүүн нар оролцох аж.

Мөн НҮБ, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), Ази дахь хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Исламын хүнсний аюулгүй байдлын байгууллага, Тусгаар тогтнолын хамтын нөхөрлөлийн орнууд зэрэг олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцох аж. ШХАБ-ын уулзалт бүрээр нийгэмд яригддаг нэг сэдэв нь “Монгол улс ШХАБ-т элсэх, эс элсэх” тухай асуудал юм. Энэ жилийн тухайд манай улс өмнөхийн адилаар "ажиглагч"-ийн байр, сууриа хадгалж оролцоно.

-ЭНЭ УДААГИЙН ШХАБ-ЫН УУЛЗАЛТААР ДЭД БҮТЭЦ, ЭРЧИМ ХҮЧ, ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ-

Астанагийн хэвлэлүүдэд мэдээлснээр энэ удаагийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт “Олон талт яриа хэлэлцээг бэхжүүлэх нь: Тогтвортой энх тайван, хөгжлийг эрэлхийлэх” уриан дор болох бөгөөд гол хөтөлбөр нь олон улсын болон бүс нутгийн өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ШХАБ-ын үүрэг оролцоог бэхжүүлэх явдал юм гэжээ.

ШХАБ-ын удирдагчид тогтвортой байдлыг хангахын тулд юуны түрүүнд олон улсын худалдаа, эдийн засагт анхаарлаа хандуулахыг зорьж байна. Мөн дээд хэмжээний уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдал, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсрол, цахимжуулалт, тээвэр, ложистикийн асуудлыг хэлэлцэх аж.

ШХАБ-ын уулзалтын үр дүнд олон улсын болон бүс нутгийн өнөөгийн тулгамдсан асуудлуудын талаарх ШХАБ-ын байр суурийг тусгасан Астанагийн тунхаглал, түүнчлэн “ШХАБ-ын хөгжлийн стратеги 2035 он” болон “ШХАБ-ын эрчим хүчний хамтын ажиллагааг 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги”-ийг хэлэлцэн батлах гэнэ. Мөн олны анхаарлыг татаж буй нэг сэдэв бол Беларусь улсыг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх тухай юм. ШХАБ-д ажиглагчийн байр суурьтай Монгол, Беларусь, Афганистан гэсэн гурван улс бий. Тэгвэл Беларусь улсыг ШХАБ-ын гишүүн болгох шийдвэр гарах төлөвтэй байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

-ШХАБ-ЫН УУЛЗАЛТЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСАД ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ МАГАДГҮЙ ГЭЖ ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧИД ҮЗЭЖ БАЙНА-

Үүний зэрэгцээ Млнгол Улсыг ШХАБ-т элсүүлэх эсэх асуудлыг дахин хөндөж магадгүй байна. Учир нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурлын дараа сэтгүүлчдэд тус байгууллагад элсэх дараагийн орон Монгол байх болно гэх утгатай мэдээллийг өгсөн байдаг. 

Тэрбээр “БНХАУ болон бусад түншүүдтэйгээ хамтран ШХАБ-д элсэх дараагийн улсын тодорхой нэр дэвшигч нь Монгол Улс байх болно. Газрын зурагт ШХАБ-ын орон зайд органик байдлаар нийцэж байгаа тул бид Монголын хөршүүдээ ийм шийдвэр гаргахыг уриалах болно. ШХАБ-ын бүх гишүүн орнууд үүнийг хоёрдмол утгагүй дэмжиж байгаа” гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, манай улсын гадаад бодлогыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд ярьж "бүдүүлэг" үйлдэл гаргасан юм. 

Мөн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, цахимжуулалт, тээвэр ложистикийн асуудлыг хэлэлцэж, “ШХАБ-ын эрчим хүчний хамтын ажиллагааг 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги” зэргийг хэлэлцэж батлах асуудалд Монгол Улс эмзэг байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Учир нь манай улс эрчим хүч болон түлш шатахууны хувьд хойд хөрш буюу ОХУ-аас шууд хамааралтай орон. Иймд Монгол Улс энэ удаагийн ШХАБ-ын уулзалтад "ажиглагч"-ийн байр сууриа хэвээр хадгалж үлдэх эсэх асуудал олон улсын улс төрийн судлаач, ажиглагчдын анхаарлыг ихээхэн татаж байгаа аж.

Эх сурвалж:  The Astana Times




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө